СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-31

ChatGPT-ийг идэвхтэй ашиглаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Францын "Carrefour" сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 17-нд Монголд нээлтээ хийхээр болжээ.
  2. "УИХ-ын дарга Монголбанк дээр очоод "Экспортыг нэмэгдүүл" гэж хэлэх нь хуулиараа боломжгүй зүйл" - Байр суурь хэсгээс дэлгэрэнгүйг уншаарай
  3. Японы "Japan Airlines" компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэхээр болжээ.

Уурхайн төслүүдийн ахиц

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани "Zijin Mining Group"-тэй байгуулсан стратегийн түншлэлдээ БНХАУ-ын зохицуулах байгууллагын болон хөрөнгө оруулагчдын зөвшөөрлийг 2023 оны эхний улиралд багтан авахаар байгаагаа мэдэгдлээ. Тус компани хоёрдугаар сарын 7-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийж хамтарсан компанийн хүрээнд “Хармагтай” төслийг хөгжүүлэх зөвшөөрлийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэгвэл Монголын говьд нүүрсний метан хийн төсөл хэрэгжүүлж буй "Elixir Energy" компани "Номгон" туршилтын талбайгаас гарган авах хийн хэмжээгээ нэмэгдүүлж буй бөгөөд ирэх саруудад гарцыг тогтворжуулах хүлээлттэй байгаагаа мэдээллээ. Түүнчлэн компани ногоон устөрөгч экспортлох "Gobi H2" төслийнхөө ТЭЗҮ-ийн өмнөх шатны судалгааг олон улсын консалтинг компани "Aecom"-той хамтран хийж, ирэх сард эцэслэн танилцуулахаар болжээ.

Байр суурь

"УИХ-ын дарга Монголбанк дээр очоод "Экспортыг нэмэгдүүл" гэж хэлэх нь хуулиараа боломжгүй зүйл. Монголбанк хараат бусаар, инфляцыг онилсон бодлого явуулдаг байгууллага. Монголбанкны зорилтууд дотор экспортыг өсгөх гэсэн зорилт байхгүй. Тиймээс УИХ-аас Төв банканд ийм даалгавар өгөх нь институцын хувьд гажиг тогтолцоо. Инфляцын түвшин, ажилгүйдлийн түвшин, ДНБ-ий өсөлт гэсэн үзүүлэлтүүдээр л Монголбанкны удирдлагын гүйцэтгэлийг дүгнэнэ. Өөрөөр хэлбэл экспортыг дэмжээгүй гэсэн үндэслэлээр Монголбанкны удирдлагад хатуу сануулга өгдөг тогтолцоог бид сонгоогүй" хэмээн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс  "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Carrefour нээгдэнэ

Дэлхийн 30 гаруй оронд 14 мянга орчим салбараар үйл ажиллагаа явуулж, жижиглэн худалдааны орлогоороо дэлхийд наймдугаарт бичигддэг Францын "Carrefour" сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 17-нд Монголд нээлтээ хийх болохыг эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн найман оронд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын "Fix Price" сүлжээ дэлгүүр хоёр долоо хоногийн өмнө Улаанбаатарт хоёр салбараа нээсэн билээ.

JAL Монгол руу 

Япон улсын "Japan Airlines" компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэхээр болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээллээ. Тус компани Монгол Улс руу нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна. 2023 онд агаарын тээврээр 14 мянган тонн ачаа тээж, 1.5 сая зорчигч тээвэрлэх бөгөөд үүнээс олон улсын чиглэлд нэг сая орчим, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэхээр байгааг ЗТХЯ мэдээлсэн юм.

Ерөнхий сайд "гомдоллов"

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа тухайгаа "Financial Times" сонинд байр сууриа илэрхийлснийг TASS агентлаг мэдээлжээ. Тодруулбал импортын шатахууны үнээс гадна ОХУ-ын түншлэлүүдээс авдаг зарим бүтээгдэхүүн тасалдах асуудал гарч байгаа нь Монголын эдийн засагт давхар хориг болж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсны улмаас тус улсын агаарын хилээр Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиа компаниудын чиглэлд өөрчлөлт орсон нь Монголын талд сөргөөр нөлөөлснийг өгүүлсэн байна.

"Tesla"-г дагасан шийдвэр

"Ford" компани даваа гарагт SUV ангиллын цахилгаан хөдөлгүүрт "Mustang Mach-E" автомашиныхаа үнийг нэгж тутамд хамгийн ихдээ 5900 ам.доллароор бууруулж, хэдэн долоо хоногийн өмнө дэлхий даяар автомашиныхаа үнийг 20 хүртэлх хувиар хямдруулаад байсан өрсөлдөгч "Tesla"-ийн алхмыг дагажээ. Ингэснээр "Mach-E" нь АНУ-ын зах зээлд 55 мянган ам.доллароос доош үнэтэй цахилгаан автомашинд үзүүлдэг 7500 ам.долларын татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байгаа юм. 

Аданигийн сандрал

Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани компанийг нь луйврын хэрэгт буруутгасан "Hindenburg Research"-ийн мэдэгдлийг няцаасан 413 нүүр бүхий баримт бичиг хэвлүүлсэн ч "Adani Group"-ийн хувьцааны уналт үргэлжилж, ам.долларын гол бондууд нь шинэ доод түвшиндээ хүрээд байна. Бизнесийн эзэнт гүрнийхээ нэр хүндийг сэргээж, хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгах зорилготой түүний энэхүү алхам төдийлөн үр дүнд хүрээгүй бөгөөд одоогоор компанийн 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа зарагдаж, зах зээлийн үнэлгээ нь 71 тэрбум ам.доллароор буураад байгаа аж. "Short" төрлийн арилжаагаар дагнадаг хөрөнгө оруулалтын фирм "Hindenburg Research" өнгөрсөн долоо хоногт Гаутам Аданигийн группыг олон арван жилийн турш хөрөнгийн зах зээлд "ил задгай" манипуляц хийж, тайлан бүртгэлийн луйвар залилангаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн тухай судалгаа хэвлүүлсэн юм.

Дараагийн бай "Huawei"

Хятадын технологийн компаниудыг онилсон АНУ-ын төрийн хязгаарлалтын арга хэмжээ улам чангарч, Ерөнхийлөгч Жо Байден "Huawei" компанийг "Intel", "Qualcomm" гэх мэт Америк ханган нийлүүлэгчдээс бүр мөсөн тусгаарлах шийдвэр гаргаж магадгүй болжээ. Байдены засаг захиргааны албан тушаалтнууд лицензийн бодлогыг хэрхэн зохицуулах, цаашлаад тус компанид чиглэсэн бүх борлуулалтыг хориглох эсэх талаар хэлэлцэж байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Хиймэл оюунт туслах

Боломжийг алддаггүй хүмүүс хиймэл оюунт "ChatGPT" чатботыг аль хэдийн ажлын орчиндоо идэвхтэй ашиглаж эхэлжээ. Үүний ачаар маркетерууд хэдхэн секундын дотор танилцуулга бэлдэж, менежерүүд мэйлээ зовлонгүй бичүүлж, IT инженерүүд програмын алдааг тэр дор нь олж байна. Тэгвэл "Fishbowl"-ийн энэ сард хийсэн судалгаанд оролцсон 4500 мэргэжилтний 30 гаруй хувь нь "OpenAI"-ийн "ChatGPT" болон бусад хиймэл оюунт программыг ажилдаа ашиглаж үзсэн болохоо илэрхийлсэн байна. Судалгаанд хамрагдагсдын дунд "Amazon", "Bank of America", "JPMorgan", "Google", "Twitter", "Meta" зэрэг компанийн ажилтнууд багтсан аж

BloombergTV.mn танд санал болгож байна

Филиппин улс гадаадын жуулчдад татварын буцаан олголт өгөх төлөвлөгөө батлав
БНХАУ Япон улсын иргэдэд виз олгож эхлэв

“Amazon” 150 ам.доллароос доош үнэтэй хүнсний бүтээгдэхүүний захиалгад хүргэлтийн төлбөр авна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.