Гурван өгүүлбэрээр:
"Топ 20"-ийн шинэчлэлт
Монголын Хөрөнгийн биржийн "Топ 20" индексийн багц шинэчлэгдлээ. 2022 оны үзүүлэлтээр "Топ 20" индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдсэн. Харин "Махимпэкс" ХК, "Би Ди Сек" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК, "ЛэндМН ББСБ" ХК хасагдаж, "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, "Сэндли ББСБ" ХК, болон "Голомт банк" ХК шинээр нэмэгдсэн болохыг МХБ мэдээллээ. Ингэснээр "Топ 20"-д багтах банк санхүүгийн салбарын компаниудын тоо 10 болж нэмэгдэж, тэн хагасыг нь бүрдүүлж байна. Монголын "Топ 100" аж ахуйн нэгжийн бүтцэд уул уурхайн компаниуд жин дарж байхад "Топ 20"-д ийнхүү банк санхүүгийн салбарууд давамгайлах болсон нь зах зээлийг илэрхийлэх талаасаа учир дутагдалтай хэмээн "Апекс Капитал" ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор онцолж байв.
"Сэндли Бонд"
"Сэндли ББСБ" ХК 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий "Сэндли Бонд"-ыг олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо. Энэхүү өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг нэгдүгээр сарын 25-ны өдрөөс нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл авах бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй аж. Тус компанийн 2022 оны IV улиралд олгосон нийт зээл 23.1 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх улирлаас 1.6 дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн харилцагчдын тоо нь өнгөрсөн оны I улирлаас 8.8 дахин өсөөд байгаа аж.
Байр суурь
"Монголын мах, махан бүтээгдэхүүний эрэлт талаасаа халал аргаар боловсруулсан махны эрэлт өндөр байна. Арабын орнууд, Исламын шашинтай орнуудад монгол махны эрэлт байгааг судалгаа харуулсан. Исламын шашинтай бараг бүх улс халал сертификат шаарддаг. Эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн экспортлохын тулд энэ сертификат хэрэгтэй. Тэгэхээр Монголоос дээрх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Исламын шашинтай орнууд руу экспортлоход халал сертификат чухал үүрэгтэй. Бид энэхүү стандартуудаас сонгон багц гаргасан. Үүгээрээ аж ахуйн нэгжүүд болон гэрчилгээ олгогч байгууллагуудад сургалт явуулж байгаа. Аль нэг Исламын улсаас итгэмжлэл хүлээн авсан тохиолдолд Монголын бараа, бүтээгдэхүүнийг Персийн булангийн орнууд, Арабын орнууд руу экспортлоход илүү хялбар болно" хэмээн НҮБ-ын Аж үйлдвэрийг дэмжих байгууллагын Экспортыг дэмжих төслийн зөвлөх, доктор Мухаммед Саад "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
3 хоног, дараа нь 5
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс хойш ажлын тав хоногт багтан хориг тавих эсэхийг Ерөнхийлөгч шийднэ. Хэдий тийм боловч Ерөнхийлөгч хориг тавивал хоригийг хүлээн авах эсэхийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол хориг хүчингүй болох аж. Харин дээрх хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын 52 гишүүний саналыг хурааж, 40 гишүүний буюу 77 орчим хувийн дэмжлэгээр баталсан юм. Гурав хоногийн дотор баталсан энэхүү хууль нь олон нийтийн оролцоог хангаж чадаагүй бөгөөд цаашдаа ийм байдлаар хууль батлагддаг болчихвол гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэл зовоосон асуудал болохоор байгааг “AmCham Mongolia”-ийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс өгүүлж байв.
"Монгол базальт"-ын ахиц
"Монгол базальт" ХК 2022 онд борлуулалтын орлого нь өмнөх оноос 23.7 хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр өссөнийг тайлагналаа. Тус компани үйлдвэрлэлийн шугам дамжлагын хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь өсөлтөд голлон нөлөөлжээ. Тайлант хугацаанд 217 мянга орчим боодол бүтээгдэхүүн борлуулснаас дийлэнхийг буюу 33 хувийг "базальт лайт", 34 хувийг "базальт вэнт фасад" материалууд эзэлж байна. Тус компани 2022 онд файбер арматурын үйлдвэрийн шугамыг ашиглалтад оруулж базальт арматур бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлжээ. Тайлант хугацаанд "Монгол базальт"-ийн нэгж хувьцааны ханш 1.3 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 13.1 тэрбум төгрөг болоод байна.
"Microsoft"-ийн шийдэмгий алхам
"Microsoft" компани "ChatGPT" системийг хөгжүүлэгч "OpenAI" стартап компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэнээр хиймэл оюунд суурилсан технологийн хөгжилд "Alphabet", "Amazon", "Meta"-ийн эсрэг өрсөлдөөнд шат ахиж байна. "OpenAI" -ийн бүтээсэн хиймэл оюун ухаант "ChatGPT" систем нь богино хугацаанд харилцан яриаг текст болгон хөрвүүлэх, өгөгдлийг задлах, боловсруулах зэрэг үйлдэл хийх чадвартай. Товчхондоо нарийн төвөгтэй сэдвээр ч чанартай бичвэр үүсгэх, харилцан ярианд суурилсан хиймэл оюун ухаантай чатбот гэж ойлгож болох аж. 2022 оны 11 дүгээр сард анх танилцуулснаас хойш "ChatGPT" нь богино хугацаанд олон сая хэрэглэгчтэй болоод байгаа юм.
Дараагийн Хятад?
Үйлдвэрлэгчид БНХАУ-аас бусад зах зээлийг сонирхох болсонтой зэрэгцээд БНЭУ тэднийг татахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Энэтхэгийн Засгийн газар энэ оны төсвийнхөө бараг 20 хувийг капиталын хөрөнгө оруулалтад зарцуулахаар байгаа нь багадаа сүүлийн 10 жил байгаагүй өндөр дүн болж байгаа аж. АНУ, БНХАУ хоорондын өрсөлдөөн үргэлжилж, компаниуд "Хятад+1" бодлогод шилжиж эхлээд буй энэ үед Энэтхэг, Вьетнам улсын хувьд томоохон давуу тал бий болоод байгааг нийлүүлэлтийн сүлжээний шинжээчид онцолж байна. "Morgan Stanley" Энэтхэг улсыг ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн тэлэлтийн тавны нэгийг бүрдүүлнэ гэж таамаглаж байгаа аж.
"GM", "LG"-ийн хагарал
"General Motors" болон тус компанийн цэнэг хураагуур үйлдвэрлэлийн түнш "LG Energy Solution" компаниуд АНУ-д дөрөв дэх үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө цуцалжээ. Хэдий тийм боловч "GM" компани цахилгаан автомашины зорилтоо урагшлуулахын тулд АНУ-д дахин нэг цэнэг хураагуурын үйлдвэртэй болох зорилтоо орхиогүй бөгөөд сүүлийн саруудад өөр ханган нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийж байгааг онцолсон байна. Хоёр компанийн түншлэлд ан цав үүссэн нь "GM" цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж, шинэ үйлдвэрийн төлөвлөгөөгөө яаралтай батлахыг хүссэн нь "LG"-ийн төлөвлөж байсан хугацаатай нийцээгүйтэй холбоотой аж.
Сансрын эрдэнэсийн эрэлд
Сансрын орон зайд хөвөх астероидууд дээрээс үнэт металл олборлох нь шинжлэх ухааны уран зөгнөлт кино дээр л гардаг зүйл байсан бол нэгэн стартап үүнийг бодит үйл хэрэг болгохоор ажиллаж байна. АНУ-ын Калифорнид төвтэй "Astroforge" компани сансрын гүнээс металл олборлож, боловсруулах зорилтоо гүйцэлдүүлэхийн тулд энэ онд хоёр нислэг гүйцэтгэхээр төлөвлөсөн аж. Дөрөвдүгээр сард хуваарилагдсан эхний хөөргөлтөөр астероид хэлбэрийн биетийн дээжээс цагаан алт боловсруулах технологийг турших бол дараагийн хөөргөлтөөр дэлхийтэй ойролцоо байршилтай, олборлолт хийх боломжтой астероидуудыг хайх юм байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй шалгаруулалтын шалгалт I/26-27-нд явагдана
Бага ангийн нэг багшид ногдох сурагчийн тоо улсын ЕБС-д 33, хувийн ЕБС-д 21 байна
Дэвид Рубенштэйн: Ази өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ. Азид хөрөнгө оруулахад тохиромжтой цаг мөн гэдэгт итгэлтэй байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.