?А.Хишигбаяр: Мэдээлэл нь зөрүүтэй байвал өрхийн орлогоо дахин бодуулж, хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой
Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болжээ. Үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаж байгаа аж. Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өгөв.
ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр:
-Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр нийт өрхийг үнэлсэн.
Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Иргэдээс "Миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлэх боломжтой.
Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх боломжтой.
Бид яагаад иргэдийн мэдээллийг засаж болохгүй байна гэх асуулт үүсэж байна. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иймд иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоод явна. Үүний дараа өрхийн орлогыг тооцож үзнэ. Улмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох зохицуулалтаар явж байгаа.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал шинэчлүүлж, дахин өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.