Үндэсний бөхийн шинэ дүрэм бөх сонирхогчдын дунд маргаан үүсгэлээ
Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2023.01.13/ Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат Улсын заан М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэжээ.
Өнөөдрийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын заан Ц.Одбаяр, улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй хүчит 128 бөх барилдсан юм.
Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан удааширсан бөгөөд дүрмийн дагуу идэвхтэй барилдсан гэдэг үндэслэлээр хөлийн цэцээс улсын арслан Э.Оюунболдыг давсанд тооцов.
Тус хоёр бөхийн барилдаан удааширч 50 гаруй минут барилдсан юм. Энэ хугацаанд улсын арслан Э.Оюунболд элэг бүсээ тайлж өрсөлдөгч бөхдөө тахимаа өгсөн ч цэцүүд барилдааныг үргэлжлүүлжээ. Харин барилдаан удааширсан тул идэвх санаачилга харах арван минутын хугацааг өгчээ.
Ингээд өнөөдрийн барилдааны ерөнхий цэц Монгол Улсын харцага Д.Батболд тайлбар өгсөн юм.
Ерөнхий цэц, Монгол Улсын харцага Д.Батболд:
-Хоёр бөхийн барилдааны үндсэн хугацаа 20 минут дууссан, золгооны барьц авч барилдах барилдааны 30 минут дууссан. Мөн идэвх санаачилга харах арван минутын хугацаа дууссан. Ингээд цэцүүд хэлэлцээд хутгах, мордох, хавирах зэрэг мэхний оролдлогуудыг хийсэн. Мөн барьц авч түрж илүүрхэж барилдсан гэсэн үндэслэлээр Э.Оюунболд арсланг давуулах шийдвэр гаргаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.