Д.Мөнх-Эрдэнийг хугацаанаас нь өмнө суллав

Фэйсбүүкт шууд бичлэг (live) хийж, элдэв зүйл ярьж хүмүүсийн анхаарлыг татдаг Д.Мөнх-Эрдэнийг хууль сахиулах байгууллагаас 2022 оны 12 сарын 18-нд цагдан хорьсон билээ. 

Түүнийг эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт үйлдэл өдүүлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд хүргүүлснийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн юм. 

Д.Мөнх-Эрдэнэ шууд бичлэгээрээ төрийн байгууллага, албан тушаалтныг үг хэлээр доромжилж, биед нь халдсан хэд хэдэн үйлдэл гаргасныг үзэгчид нь санаж буй. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан гомдлын дагуу цагдаагийнхан тайлбар, мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч ирээгүй аж. Тиймээс хууль сахиулагчид Д.Мөнх-Эрдэнийн байгаа газар очиход согтуу байсан учраас эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Улмаар үргэлжлүүлээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар болсон юм.

Хэдийгээр түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ёстой байсан боловч Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр суллажээ.

Ташрамд сонирхуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь Ерөнхий консул байхдаа эрх мэдлээ ашиглан дипломат дугаартай машиныг урд хөршийн иргэнд худалдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусах гэж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.