Б.Пүрэвдорж: Долоон жилээр тэтгэврээ бодуулсан ахмадуудад нөхөн олговор өгөх ёстой
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэв. Тэрбээр тэтгэврийн долоо бус таван жилээр тооцох болсонд талархаж буйгаа илэрхийлээд дахин дараагийн шаардлагаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2017 онд Монгол Улс ОУВС-д хамрагдаж тэтгэврийг долоон жилээр бодох асуудлыг оруулж эхэлсэн. Би сүүлийн долоон жилийн хугацаанд тэтгэврийг таван жилээр тооцож боддог болохыг шаардан ажилласан. Өнгөрсөн хугацаанд бараг бүх аймагт жагсаал зохион байгуулж, УИХ-ын индэр дээрээс 60 гаруй удаа үг хэлсэн байна. Энэ тэмцлийн үр дүнд тэтгэврийг долоо биш, таван жилээр тооцохоор Нийгмийн даатгалын багц хуульд оруулсанд талархаж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийг яаралтай хэлэлцэж, ахмадуудаа дэмжихийг хүсэж байна. Боловсролын багц хууль шиг энэ хуулиа битгий замхруулаарай гэж хүсэж байна. Засгийн газраас багц хуулиа оруулж ирсэн болохоор тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдэж байна.
Гэхдээ дараагийн тэмцэл маань эхэлж байгааг хэлье. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд долоон жилээр тэтгэврээ бодуулсан ахмадуудад нөхөн бодуулахыг шаардаж байна. Иргэд төрийн буруу бодлогоос болж хохирч үлдэх ёсгүй. Нөхөн олговор олгох хэрэгтэй. Бид Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өдөр, шөнөгүй ажилласан амьд бурхад болсон ахмадуудыгаа хохироож үлдээж болохгүй. Тиймээс хөдөө орон нутагт байгаа ахмадууд чуулган завсарлах үеэр тойргоос сонгогдсон гишүүдээсээ энэ хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах ёстой юм гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.