?С.Бямбацогт: Нүүрсний хулгайчид Засгийн газрын гишүүдийн хооронд “яс хаяж” байна
Нүүрсний хулгайд шууд болон шууд бус байдлаар нөлөөлсөн 17 хүний нэрсийг зарласан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын байр суурийг сонсож, "Тавантолгой" төмөр замын төсөвт өртгийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа би өнгөрсөн хавар буюу 6-р сард 2 сая тонн нүүрсний хулгайн асуудал байгааг хэлж, хууль хяналтын байгууллагынхан хяналтдаа аваарай гэж сануулж байсан.
Нүүрсний хулгайн асуудлаар анх Засгийн газар шүгэл үлээгээд, хулгай хийсэн нөхдөд хариуцлага хүлээлгэх болохоор жагсаал цуглааныг үймүүлж, ЗГ-ын гишүүдийн хооронд “яс хаях” зэрэг үйл явдал болж байна.
Намайг нэг хэсэг нүүрсний хулгайч гэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д би нэг ширхэг хадаас, литр шатахуун нийлүүлж, хүрз нүүрс ч тээвэрлэж үзээгүй. Мөн нүүрсний хулгайч нартай нийлж, Ерөнхий сайд болохоор явна гэж танхимд хагарал үүсгэж байна.
Асуудалтай болоод л “Тавантолгой төмөр зам” ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилж, “Богдхан” төмөр замын төслийн ажлыг зогсоох зэрэг арга хэмжээг авсан. Төмөр замын бүх гэрээ ил болсон.
- “Зүүнбаян” төмөр зам 430 км гаруй, 488 сая доллароор баригдсан.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 233 км, 1 тэрбум 280 сая орчим долларын төсөвтэй баригдсан.
Үүнийг бусад төмөр замтай харьцуулахад км нь ойролцоогоор 5 сая доллар орчмын харьцангуй өндөр төсөвтэй баригдсан шалтгааныг тодорхой нэмэлт ажлууд хийгдсэн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, зүтгүүр вагон, хоёрдугаарт, нэгдүгээр зэргийн төмөр зам. Монголд байгаа ихэнх төмөр замууд гуравдугаар зэргийнх. Ялгаа нь төмөр бетон дэр, залгаасгүй байдал, км цэгийн хурд нь 100 зэрэг байдаг гэж тайлбарласан.
“Тавантолгой” төмөр замд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон учир хууль хяналт, аудитын байгууллага шалгаж, төсөвт өртөг нь бодитой эсэхийг шалгаж тогтооно. Одоогийн байдлаар төсөвт өртөг нь хэт өндөр байгаа үнэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.