? Д.Амарбаясгалан: Т.Доржхандын ярьсан нүүрсний хулгай 40 их наяд биш 1,3 их наяд орчим болох нь одоогоор тогтоогдсон
Өдөр бүрийн 11 цагт хийж буй нүүрсний хулгайн хэргийг шалгах мөрдөгчдийн багт дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн өнөөдрийн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хийлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн” хэрэгт шалгагдаж буй улс төрчдийг прокурор зарлана хэмээн мэдэгдсэн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьсан 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн гэх мэдээлэл худал болох нь батлагдлаа" хэмээн мэдэгдэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улс 1995-2022 оны 12 сар хүртэлх хугацаанд 336 сая 400 мянган тонн нүүрс экспортолжээ. Үүнээс:
-"Эрдэнэс тавантолгой" ХК 86 сая тонн
-МАК ХХК 56,4 сая тонн
-Энержи ресурс ХХК 49,8 сая тонн
-Саус гоби Сэндс 34,5 сая тонн
-Чинхуа МАК-Нарийн сухайт 17,4 сая тонн
-Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК 17,7 сая тонн
Бусад экспорт хийдэг компаниуд 67,7 сая сая тонн нүүрс олборложээ.
2011-2022 оны хооронд нүүрс идэвхитэй экспортод гарсан өнгөрсөн 10 жилд 298,4 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс:
-"Эрдэнэс тавантолгой" ХК 12,8 их наяд
-МАК ХХК 5,3 их наяд
-Энержи ресурс ХХК 10,2 их наяд
-Саус гоби Сэндс 2,5 их наяд
-Чинхуа МАК-Нарийн сухайт 1,5 их наяд
-Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК 2,9 их наяд
-Монэнко ХХК 2,1 их наяд
-Хангад эксплорэйшн ХХК 0,5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.
Нүүрснээс олсон нийт борлуулалтын орлого нь 45,2 их наяд төгрөг байжээ. Татварын байгууллагад бүртгэгдсэн дүнгээс харвал улсын хэмжээнд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гарсан гэж УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьсан баримт нотлогдохгүй байна. Үүнийг Засгийн газар албан ёсоор няцааж байна.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний салбарт нийтдээ 43,5 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэнээс 10 их наяд төгрөгийн татвар төлөгджээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрс тээврийн салбараас учруулсан хохирол нь 5 их наяд төгрөг хэмээн дүгнэж үзсэн байсан ч татварын байгууллагаас 1,1 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн оффтейк гэрээнээс үүссэн хохирлыг нэг их наяд 257 тэрбум төгрөг гэж үзсэн ч энэ нь үндэслэлгүй тооцоолол болсон. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-д хохирол учирсан байж болзошгүй дүн 187 тэрбум төгрөг байна гэж дүгнэсэн. Оффтейк гэрээ байгуулахдаа тухайн аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлсэн шалтгаанаар ийм хохирол гарсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.