“Хэсгийн ахлагч” аппликэйшн мэдээллийг цахимжуулж, ахлагчдын ажлыг хялбаршуулна

Улаанбаатар хот цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй инженертэй хамтран 2022-2024 онд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй, шуурхай болгох аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Дижитал сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд төсөл болох “Хэсгийн ахлагч” аппликэйшнийг удирдах, хянах сургалтыг зохион байгууллаа.

 63902df418164615ff1e64a5

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлд 1800 орчим хэсгийн ахлагч байдаг. Төр, иргэн хоёрыг холбосон анхан шатны нэгж болох хэсгийн ахлагч нарт зориулсан уг аппликэйшний гол зорилго нь асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэхэд чиглэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгарсан асуудлыг төрийн байгууллагад яаралтай хүргэх, шийдэх, хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг цахимжуулж байгаагаараа ач холбогдолтой” гэв. Аппликэйшний хувьд ирэх оны хоёрдугаар сарын 1-н гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрч эхлэх юм.

 63902dfc18164615ff1e64a6

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч М.Мөнхсайхан “Хэсгийн ахлагчдыг яг юу хийж байгааг дээд байгууллагууд нь тодорхой мэддэггүй, бас авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, зүгээр  л иргэдийн хүсэлтийг дамжуулдаг субъект л гэж хардаг. Гэтэл хэсгийн ахлагчид анхан шатан дээр бүх төрлийн судалгааг хийдэг чухал үүрэгтэй. Тиймээс энэ программыг ашиглан ямар судалгааг хэзээ, хэрхэн хийж байна вэ, иргэдээс ямар өргөдөл, гомдол гаргаж байна вэ гэдгийг нээлттэй, ил тод болгох боломжтой болно. Уг программыг улам хөгжүүлж, тогтмол хэрэглэснээр иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх давуу талтай” гэв.

 63902e1718164615ff1e64a9

Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Ганпүрэв “Хэсгийн ахлагч нар ихэвчлэн цаасаар судалгаа авдаг. Харин цахим шилжилт хийснээр бид бүх мэдээллээ цахимжуулж, хялбаршуулах боломж үүснэ. Тиймээс уг цахим шилжилт бидний ажлын бүтээмжид чухал ач холбогдолтой. Системийг хэрэглэхэд ч хялбар санагдлаа” хэмээн сургалтад хамрагдсан сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Хэсгийн ахлагч” аппликэйшнээр дамжуулан иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч дүүрэг, нийслэлд хүргүүлэх, улмаар шуурхай шийдүүлэхээс гадна хариуцсан нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд орчны хяналт тавих боломжтой болно. Ингэснээр нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаа илүү сайжрахаас гадна иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдал дээшилж, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.