Бүх FM радио аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах боломж олгох шаардлага хүргүүлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос гомдол хүргүүлжээ.
Тодруулбал, “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн дөрвөн радиод долгионы тендер өгснөөр Япон улсын буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй машинд л эдгээр радио шууд цацагддаг. Бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгож, бусдынх нь эрх ашгийг зөрчиж байна” гэж тус гомдолд бичжээ.
Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.