?LIVE: Ц.Батзул: Тендерт оролцоод үүргээ биелүүлээгүй бол хар жагсаалтад бүртгэдэг болно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээллээ.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулаад, УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт худалдан авах ажиллагаа дахь хүний оролцоог бууруулах, мэдээллийн технологийн хөгжил, дэвшилд тулгуурлан цахим худалдан авах ажиллагааг бий болгох мөн монгол орны цаг ууртай холбоотойгоор богино хугацаанд тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар хэд хэдэн шинэчлэлийг оруулж, хуулийн төслийг боловсруулсан.
Нэгдүгээрт, хуулийн төсөлд хүний оролцоог бууруулна. 2019 оноос хойш монгол улс цахим шилжилт хийж байгаа. Энэ хүрээнд тендерт оролцож байгаа компаниудаас шаарддаг материалуудын 70 орчим хувь нь төрд байдаг. Тэгвэл зөвхөн төрийн байгууллага хоорондоо солилцдог болохоор шийднэ.
Хоёрт, тендерийг шуурхай зохион байгуулах үүднээс тендер шалгаруулалтыг маш богино хугацаанд хийх боломжтой гэж харж байна. Илгээдэг материал нь цөөхөн болсон тохиолдолд үнэлгээний хорооны гишүүд цөөхөн материал дээр ажиллана. Ингэхдээ энэ үйл явцыг ажлын 30 хоногийн дотор багтаах боломжтой гэж харж байна.
Гуравт, тендерийн нээлттэй ил тод байдал. Тендерт оролцож байгаа этгээдүүд тендерийн бүх үе шатыг харах боломжийг хуулиар олгоно. Олон нийт худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тендер зохион байгуулж буй хэлбэр, санал болгож буй үнэ, нэр, үр дүнг харна. Харин олон нийтэд үнэлгээ хийж байгаа үйл явц ил байхгүй.
Цаашилбал, хариуцлагын буюу чанаргүй гэх асуудал яригддаг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахин тендерт оролцох боломжгүй гэсэн үг. Хувийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээллийн хамт хар жагсаалтад бүртгэж, олон нийтэд зарлахаар болж байгаа.
Мөн төрийн албан хаагч нар хуулийн хугацаанд нь шийдвэр гаргаагүй, хэрэв хууль зөрчиж шийдвэр гаргасан болоод тэр нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Харин гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.