?LIVE: Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно
Аялал жуулчлалын тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, ДНБ-ний 30 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг салбар болгохын тулд Аялал жуулчлалын хуулийн төслийг боловсруулж байна.
Тус хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.
Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэтээр ангилж, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд байх шаардлагыг тавьж байгаа. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой гэсэн шаардлагыг тавихаар төсөлд суулгаж өгнө.
Мөн Монголд ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгодог болох зохицуулалтыг энэ хуульд тусгасан. Энэ хуулийг дагуулан Ан агнуурын тухай хуулийг хөндөж, салбарын яамнаас гаргасан ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулдаг болно. Тур операторуудын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаачилга гаргаж байна. Мөн жуулчдад визийн хөнгөлөлт эдлүүлэхээр зорьж байна. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр хүндрэл байна. Нэгдүгээрт, нислэгийн давтамж, тизний үнэ. Хоёрдугаарт, визний нөхцөл, хөнгөлөлт юм. Тиймээс дээрх хуулиар энэ асуудлуудыг шийдвэрлэнэ. Тухайлбал, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгийг хуульд тусгаж өгнө.
Аялал жуулчлалын хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн хуулийн төсөл өргөн барина. Үүнд морин бооцоот уралдаан болон Төлбөр тооцооны тухай хууль, Казиногийн тухай хуулийн төслүүд багтаж байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.