Өмгөөлөгч О.Санчирбал: 60 сая төгрөгийн сарнай А.Амундратай ямар ч хамааралгүй
Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Амундра нь 60 сая төгрөгийн сарнай бэлгэлсэн гэх асуудлыг гэмт хэргийн шинжтэй, зориуд зохион байгуулалттай хийсэн ажил гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Цахим орчинд “60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэж, гэртээ хүргүүлэн авсан эрхэмд баярлалаа” гэх утга бүхий пост олны анхаарлыг татсан. Тус цэцгийн баглааг Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Амундра бэлэглэсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр нийтлэгдээд байсан. Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ч 2023 оны төсөв эрх баригчдыг бялууруулсан, ард түмнийг ядууруулсан хэвээрээ байна. МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж байна. Жишээлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, "Монголын үнэн" сонины эрхлэгч 60 гаруй саяар Альфард загварын автомашинаар дүүрэн цэцгийг танихгүй бүсгүйд авч өгч байна. Тэрийг нь бид хараад гайхаж байна хэмээн хэлсэн юм.Тэгвэл А.Амундрагийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэж, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт гомдол гаргасан байна.Тус гомдлыг түүний өмгөөлөгч О.Санчирбал гаргажээ. Тус гомдолд
-Миний өмгөөлөгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдээд байна. Эхнэр болон гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна. Энэхүү үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш бөгөөд зарцуулсан хөрөнгө, мэдээлэл түгээж буй хэлбэр зэргийг харахад зориуд зохион байгуулалттай гэж хардаж байна. Иймд энэхүү үйл явдлыг шалгаж, эрүүгийн хэргийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.