? УИХ 2023 ОНЫ ТӨСВИЙГ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы /2022.11.11/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

Ирэх 2023 оны төсвийн онцлог:

- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болно

- Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа.

- Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.

- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.

- Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

- Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.

- Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа

 

2023 онд улсын төсвөөс татаас авах аймгууд:

  • Архангай 17.5 тэрбум,
  • Булган 8.7 тэрбум,
  • Говь-Алтай 17 тэрбум,
  • Дундговь 13 тэрбум,
  • Завхан 17 тэрбум,
  • Өвөрхангай 19 тэрбум,
  • Сүхбаатар 8 тэрбум,
  • Төв 8 тэрбум,
  • Увс 17 тэрбум,
  • Ховд 11 тэрбум,
  • Хөвсгөл 21 тэрбум,
  • Хэнтий 21 тэрбум төгрөг

2023 онд улсын төсөвт орлого төвлөрүүлэх аймгууд:

  • Дорноговь 8 тэрбум,
  • Дорнод 3 тэрбум,
  • Өмнөговь 273 тэрбум,
  • Дархан-Уул 1 тэрбум,
  • Орхон 1.4 тэрбум төгрөг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.