СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Энхжаргал: Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, буцаан төлөлт хэрхэн явагдаж байгааг нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодрууллаа.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар явцтай байна вэ?

-Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэрэгт АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн 20 гаруй мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, НПГ-аас зургаан прокурор хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш чанаргүй зээлтэй холбоотой асуудалд нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зээл олгох үйл ажиллагаа холбогдох хууль болон дүрэм, журамд заасны дагуу явагдсан, үгүй, эрх бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн, эсэх зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг нарийвчлан шалгалаа.

Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 87 хүн, долоон хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хахууль авах”, “Хахууль өгөх”, “Мөнгө угаах”, “Нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулсан.

Одоо үлдсэн 28 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэгтгэн шалгах үндэслэл тогтоогдсон 14 үйлдлийг нэгтгэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-2-т “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулна” гэж заасны дагуу 14 хэргийг нэгтгээд, мөрдөн байцаалтын хоёр хэрэг болгож шалгасан. Ажлын хэсгээс дээрх хоёр хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, нийт 463 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т ирүүлсэн. Одоо прокурор хэргийг хянаж байна.

-87 хүн, долоон хуулийн этгээдийг яллагдагчаар татсан гэлээ. Ямар ямар албан тушаалтан яллагдагчаар татагдаад байгаа бол?

-Тухайн цаг хугацаанд хашиж байсан ажил, албан тушаалын байдлаар нь авч үзвэл дээрх хоёр хэрэгт улс төрд нөлөө бүхий тав, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 53, төрийн байгууллагын бусад албан тушаалтан гурав, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 26 хүнийг яллагдагчаар татсан.

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх дөхөж буй юм байна гэж ойлголоо. Одоо тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар байна вэ. Мөрдөн байцаалтын явцад буцаан төлсөн зээл бий юү. Зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүд эргэн төлөх баталгаа хэр байгаа вэ?

-Ер нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдэд Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд олгосон 2.3 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг шалгасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад буюу 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш нийт 778.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн.

Үүнээс нэр бүхий 14 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлсөн бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ ойрын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн 11 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгөх замаар эргэн төлөхөө илэрхийлсэн.

Мэдээж улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаа явуулсан. Тухайлбал, 250 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, газар, үйлдвэрийн болон оффисын зориулалттай барилга зэрэг 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл болон хүнд машин механизм, хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн.

-Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байна гэж иргэд шүүмжилж байгаа шүү дээ.

-Дээрх хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа найман сар 18 хоног үргэлжилсэн. Удаан хугацаанд үргэлжилсэн шалтгаан нь нэгдүгээрт, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шалгах цар хүрээ өргөн, олон хүн, хуулийн этгээдийг холбогдуулсантай холбоотой. Мөн он цагийн дарааллаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд хугацаа их зарцуулсан.

Хоёрдугаарт, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанаас үл хамаарах зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаануудад хугацаа их ордог.

Гуравдугаарт, хэрэг шалгах явцад хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгчид 354 гомдол, хүсэлт шат шатны прокурорт гаргасныг тухай бүр хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэсэн. Дөрөвдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч бүрт танилцуулах ажиллагаа хийдэг. Энэ хэрэг нь цөөнгүй холбогдогчтой, олон хавтас материалтай учраас энэ ажиллагаанд цаг хугацаа их орсон. Эндээс хэргийг шалгах цар хүрээ ямар өргөн хүрээнд байсан гэдэг нь харагдах байх.

-Хэргийг хэзээ шүүхэд шилжүүлэх вэ?

-Одоогоор хэргийг хянаж байгаа учир тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Прокурор хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах зэрэг хуульд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.