ҮСХ-ноос есдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Инфляцын түвшин 2022 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарчээ. Инфляц 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөг байгаагийн 89.7 хувийг иргэдийн хадгаламж, 10.3 хувийг аж ахуй нэгжийн хадгаламж эзэлж байна.
Нийт зээлийн үлдэгдэл 23 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наядаар өссөн үзүүлэлт юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 9 хувиар өссөн бол чанаргүй зээл 2.6 их наяд төгрөгт хүрчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 11.5 их наяд төгрөг бол нийт зарлага 12.5 их наяд төгрөг болжээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өсөлттэй байгаа нь гол нөлөө үзүүлжээ.
Бүх төрлийн тээврийн хэрэгслээр 40 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 47 хувиар нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
2022 оны эхний есөн сарын байдлаар 28 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргээс үүдэж 258.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
АТГ-т оны эхний есөн сарын байдлаар авлигын гэмт хэрэг 368 бүртгэгдсэн байна. Үүнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ.
Есөн сарын байдлаар нийт 303 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсний 94 хувийг коронавирусээр өвчилсөн иргэд эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.