Монгол банкны эрх хүлээн авагч нар 2 тэрбумын урамшууллыг өөрсдөдөө олгожээ

"Бишрэлт" группийн харьяа “Капитал банк” ХХК нь хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг гарган өгч чадахгүй болсон, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул Монголбанкнаас 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гарч, Монгол банкнаас эрх хүлээн авагч томилж байв. 

Гэтэл "Капитал" банкны эрх хүлээн авагч арван эрхэм өөрсдөдөө тус 200 сая төгрөг, нийт 2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан талаар тус банкны захирал асан А.Ариунболд өнөөдрийн "Өнөөдөр" сонинд ярилаа. Тэрбээр, 

-Эрх хүлээн авагч нар 200 сая төгрөгийн урамшуулал авсан асуудлаар гомдол /АТГ-т.Сур/ гаргасан. Та бод доо. Эрх хүлээн авагч арав гаруй хүн ажилладаг. Тэд тус бүр 200 сая төгрөгийн урамшуулал авахаар хоёр тэрбум төгрөг болж байна. Ийм байж болох уу. Мөн тэд сар бүр багадаа долоо, ахлах тушаалтай хүмүүс нь 10 саяас дээш төгрөгийн цалин авдаг. Бүгд Монголбанканд ажилладаг төрийн албан хаагч шүү дээ. Энэ бүх мөнгө "Капитал" банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд, Нийгмийн даатгалын санд очих ёстой хөрөнгө. Гэтэл төрийн хэдхэн албан хаагчийн халаасанд ороод байна гэхчлэн ярьжээ. 

Өөрөөр хэлбэл, Монголбанкны эрх бүхий албан тушаалтан буюу тус банкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан нар 7-10 сая төгрөгийн цалин дээрээ нэмж, өөрсдийгөө тус бүр 200 сая төгрөгөөр урамшуулсан болж таарлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.