СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн хэмжээнд хийж байгаа зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллажээ.

Тодруулбал, Хотын дарга Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэл болон Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэл шинээр тавих авто замын бүрдэл хэсгийн ажлын явцыг үзэж, гүйцэтгэгч байгууллагынхны санал, бодлыг сонссон юм.

Тус гүүрний явган хүний замын гадаргуу нь халтиргаа гулгаа үүсэхгүй, 15 метр тутамд тэргэнцэр болон дугуйт хэрэгсэлтэй иргэд амрах боломжтой хэсэгтэй юм. Одоо гэрэлтүүлэг, тохижилтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өгсөн байна. Хотын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг бүрэн камержуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч, нийслэл Улаанбаатар хотын улсын төсөв рүү төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт хэлбэрээр бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Энэ хүрээнд олон ажил хэрэгжүүлж буй. Түүнчлэн гүүрэн байгууламж, замын өргөтгөл, уулзварын инженерчлэл, олон түвшний огтлолцолтой замын ажлуудыг Улаанбаатар хотод хийх шаардлагатай. Олимпын гүүрний явган замыг нээж, Улсын комисс хүлээн авлаа. Тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн аюулгүй зорчих гарцуудыг эхнээс нь шийдэж, явган хүний замын гүүрэн гарцыг олон улсын стандартад нийцүүлж бүтээн байгуулсан. Дараагийн онцлох ажил нь Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил юм. Тус гүүр нь 1967 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш энэхүү гүүртэй холбоотой томоохон шинэчлэлийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Богд уулын замыг давхар өргөтгөх ажлыг хийнэ. Энэ мэт шинэчлэх, өргөтгөх хотын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Дараагийн чухал асуудал бол Яармагийн түгжрэл.

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах хамгийн гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж юм.

Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлж байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж, эх оронч үзэл гаргаж байна гэж Хотын даргын хувьд талархаж байгаа. Хөрөнгө санхүү хомс, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дотоод зохион байгуулалтаа сайн хийж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч энэхүү бүтээн байгуулалтыг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална. Нийтийн тээвэр, гүүрэн байгууламж барих, зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах, явган хүний болон дугуйн зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал, бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан. Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа” хэмээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.241

Олимпын гүүр гэдэг нь хүүхдийн паркийн хажуугийнх мөн үү?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.