Наадмын өглөө "Өргөө" амаржих газарт гарсан гурван хэрэг

Анхны төрөлтөөрөө "Өргөө" амаржих газарт ирж хэвтэн найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс "Сүртэй юм, угаасаа өвддөг" гэх мэтээр загнаж, үл тоосны улмаас бүсгүй төрж чадалгүй, хүүхэд нь эндсэн харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө /2022.10.05/ гарсан. Бүсгүйн эгч Д.Номин-Эрдэнэ Zarig.mn сайтад дараах ярилцлагыг өгч гомдолтой байгаагаа хэлж байжээ. 

Тэгвэл тус эмнэлгийн эмч нарын буруугаас үүдэж 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн хэрэг мөн л өнгөрсөн онд гарсан. Тодруулбал, Иргэн Б-д АТРОПИН гэх тариа хийгээрэй гэснийг сувилагч андууран АТРОПАЙН гэх булчин сулруулах тариа хийснээр зургаа хоног ухаан оролгүй байсаар нас барсан байна.

Дээрх хэргүүдээс гадна 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр буюу наадмын өдөр "Өргөө" амаржих газарт нэгэн зэрэг гурван хэрэг гарсан байна.

Тодруулбал, Н.Ариунтуяа гэх 31 настай бүсгүйн төрөх явцыг буруу удирдсаны улмаас ураг амьгүй болжээ. Эх тэр өдөр илүү тээлттэй, төрөлтөө шийдүүлэхээр очиж үзүүлэхэд хүлээн авахын эмч хэвтүүлэлгүй буцааж, улмаар дахин ирж хэвтэхэд  төрөх тасгийн эмч нар үзээд "ураг хэт том байна" гэж оношилсон. Ингээд төрөх явцыг удирдахдаа тактикийг буруу боловсруулж, өөрөөр нь төрүүлэх замаар зүтгүүлж, хүчилж байгаад хүүхдийн толгойг арай хийн гаргасан ч мөрийг нь гаргаж чадахгүй байсаар нярайг амьгүй болгожээ. Хүү 5060 гр амьгүй төрсөн. 

Мөн М.Даваадэлгэр гэх 31 настай бүсгүйг төрүүлэх явцад умайг нь урж, дахин төрөх аргагүй болгосон бол Б.Отгонбаатар гэх 27 настай бүсгүйн умайг бүрэн хэмжээгээр урсны улмаас дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Дээрх эхчүүдийн энэхүү эндэл хэдхэн цагийн зайтай гарсан бөгөөд хүүхдийг нь өөрөөр нь төрүүлэх гэж хэвлий дээр нь дарж хүчилжээ. Энэ үедээ умайг урж, их хэмжээний цус алдуулсан. Яаралтай хагалгаанд оруулж хоёрын хоёр эмэгтэйн умайг бүхлээр нь тайрч авчээ. 

Нэг өдөр гурван зэрэг ийм ноцтой хэргүүд гарсан ч өнөөдөр тус амаржих газрын эмч ажилтнууд уг хэргийг хав даржээ. 

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Ж.Энхцэцэг захирал ажлаа авснаас хойш маш олон чадварлаг эмч ажилтныг ажлаас нь гаргасан. Нарийн мэргэжлийн эмч нар дутагдаж, үүнээсээ болж эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ алдагдаж эхлээд байхад ч арга хэмжээ авахгүй байна. ЭМЯ-аас шалгалт хийхэд "Боловсон хүчний дутагдал гараагүй" хэмээн худал ярьж резидент эмч нар болон мэргэжил дээшлүүлж байгаа оюутан гээд 41 хүнийг жагсаалтад оруулж нүд хуурсан. Энэ нь илэрсэн. Одоо яг эх, нярайд эмнэлгийн тусламж үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч нарын дутагдалд ороод эхлэнгүүт өндөр насны тэтгэвэртээ суусан эмч нараас дуудан ажиллуулж байна. Энэ янзаараа хэдэн сар, жил аргалах гэсэн юм бэ" хэмээн ярьсныг манай сайт нийтэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт ажиллаж байсан эх нярайн мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны тэвчишгүй дарамтаас болж ажлаас нь гаргасан тэрбээр орны хүнийг нь авдаггүй. Дадлага туршлагагүй эмч нарыг ойр ойрхон жижүүрт шахан гаргаж ажиллуулдаг. Үүнээс үүдэж ажиллах хүчний бодлого төлөвлөлт алдагдаж, хүний нөөцийн зөв хуваарилалт хийн ажиллаж чадахгүйд хүрчээ.

Хамгийн ноцтой нь "Өргөө" амаржих газрын удирдлагын буруу үйл ажиллагаанаас үүдэж өнөөдөр тус эмнэлэгт амаржиж буй эх үрийг энх тунх төрүүлэх явц алдагдаж эхэлсэн бололтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.