СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нефтийн зах зээл дээрх дайн эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт ОПЕК+ бүтцэд багтдаг нефть олборлогч улсуудын сайд нар Вена хотод уулзаж, газрын тосны олборлолтоо хоногт 2 сая тонноор танах тухай шийдвэр гаргасны маргааш нь Европын Холбооны /ЕХ/ зүгээс Оросын эсрэг 8 дахь багц хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа.

Зэрэг шахуу гарсан энэ хоёр шийдвэр хоорондоо ямар уялдаатай вэ, багц хоригийн хүрээнд европчууд Оросын нефтийн үнэд дээд хязгаар тогтоохоор шийдвэрлэсний хариуд ОПЕК+ дээрх алхмыг хийв үү гэсэн асуултууд ар араасаа урган гарлаа. Энэ талаар ВВС агентлагийн шинжээчийн хийсэн дүгнэлтийг танилцуулъя.  

Өнгөрсөн долоо хоногт нефтийн зах зээл дээр нэг ёсондоо дайн эхэлсэн гэж хэлж болно. ОПЕК+-ийн хувьд, барууныхан Оросын нефтэнд үнийн дээд хязгаар тогтоохоос өмнө урьтаж ямар нэгэн алхам хийхээр шийдвэрлэсэн бололтой хэмээн Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Марсель Салихов үзэж байна.

ОПЕК+ бол нефть олборлогч 13 улсыг нэгтгэсэн картель болох ОПЕК гэдэг байгууллага дээр Орос, Венесуэль хоёрыг хамарсан бүтэц  

Барууны орнууд үнийн хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэж эхлэхдээ зах зээл дээр өөр нэгэн картелийг бий болгох асуудлыг хөндөх болжээ. Энэ бол Оросын нефтийг зах зээлийнхээс доогуур үнээр худалдан авах сонирхолтой бүлэг улсуудыг нэгтгэсэн картель маягийн бүтэц юм.

Харин оросуудад ийм санал таалагдахгүй нь мэдээж бөгөөд ийм маягийн шинэ картель байгуулагдах нь зөвхөн Оросыг болгоомжлоход хүргээд зогссонгүй. Барууныхны ийм алхам нь удахгүй өөрт нь учрах аюулын дохио гэдгийг ОПЕК+ мэдэрсэн нь лавтай бөгөөд урьтаж хөдлөхөөр шийдэв бололтой.

Учир нь, Оросын нефтийг хямдаар худалдан авдаг бүлэг улсууд бий болох нь тус байгууллагын гишүүн орнуудын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх тул шуурхай арга хэмжээ авч, олборлолтоо бууруулахаар шийдлээ. Ингэснээр нийлүүлэлт багасаж, барууны улсууд Оросын нефтэнд үнийн дээд хязгаарыг тогтооход хүндрэл учирна.

 

 

Улмаар нефтийн зах зээл дэх нөхцөл байдал улам ээдрээтэй болж магадгүй байна. . Цаашдаа нефтиэс гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзахаар төлөвлөжээ.

Гэхдээ ийм хориг үнийн дээд хязгаар тогтоох механизмтай хэрхэн уялдах вэ гэдгийн учрыг шинжээчид хүртэл ухаж ойлгохгүй байгаа юм. Тэр тусмаа ОПЕК+ олборлолтоо танах гэж буй энэ үед шүү дээ.

“Уг механизмыг хэрхэн ажиллуулах вэ гэдэг нь ойрын саруудад тодорхой болох байх. Гэхдээ ОПЕК+-ийн шийдвэр нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байгаа нь үнэн. Барууныхан Оросын нефтийн экспортыг үнэхээр хязгаарлахыг хүсэж байгаа бол түүнийг орлуулах боломжийг хайх учиртай. Ийм боломж үгүй бол Оросын нийлүүлэлтийг хязгаарлах тал дээр дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Оросын нефтийг худалдан авагчид хэзээд олдоно” гэж шинжээч Салихов ярилаа.

Дэлхий даяарх нийлүүлэлт 2 хувиар багасна

ОПЕК-ийн дээрх шийдвэр нь цар тахал ид дэгдэж байсан 2020 оноос хойших хамгийн том таналт болж байгаа юм. 8 дугаар сарын сүүлчээс хойш буурч байсан нефтийн үнэ дээрх шийдвэр гарсны дараахан 92-оос 94 доллар болж нэмэгдлээ. Ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар, үнэ цаашдаа өсөх нь тодорхой.

Орос-Украины дайнаас үүдэн дэлхийн эдийн засагт хохирол учирч буй энэ үед ОПЕК-ийн гаргасан шийдвэр бол “алсыг хараагүй харалган шийдвэр” гэж Цагаан ордон дүгнэсэн байна. Вашингтоны хувьд нефтийн үнийг буулгахыг асар ихээр сонирхож  байгаа бөгөөд ингэснээр оросуудын нефтиэс олж буй орлогыг аль болох багасгахыг оролдож байгаа нь илт.

Харин ОПЕК-ийнхон “дэлхийн эдийн засгийн хөгжил удааширснаар нефтийн эрэлт буурах магадлалтай байгаа” хэмээн олборлолтоо танах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Шинжээчдийн хувьд, уг шийдвэрийг гаргахад улс төрийн учир шалтгаан давамгайлсан гэдгийг онцолж байна.

“Сүүлийн жилүүдэд Орос ба Саудын Арабын хооронд харилцан итгэлцлийн харилцаа бий болж байгаа учраас ОПЕК+-ийн шийдвэр нь G7 ба ЕХ гэсэн эвслийг “тулаанд дуудсан” үйлдэл мөн гэж үзэж болохоор. Тус эвслийнхэн оны эцэс гэхэд Оросын нефтэнд хориг тогтоож, үнийг нь хязгаарлах механизмыг ажиллуулж эхлэхээр оролдох болно гэдгийг "Финам" санхүүгийн группын шинжээч А.Потавин онцолжээ.

Үнэ 90-100 доллароос доошлох нь ОПЕК-т ашиггүй,  учир нь, тус байгууллагын гишүүн орнууд 2023 оны төсөвтөө нефтийн үнийг 100 доллароос дээш байхаар тусгасан болой. Олборлолтыг хоногт 2 сая баррелиар танаж байгаа нь таамаглаж байснаас их тоо гэдэг нь үнэн, гэхдээ бодит байдал дээр олборлолт 1 сая гаруй баррелиар буурна гэдгийг шинжээч С.Суверов хэллээ.

Нефтийн үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ?

Олборлолтыг танах хэмжээ таамаглаж байснаас 2 дахин их байсан хэдий ч дээрх хоёр шийдвэрийг зах зээлд оролцогчид тун тайван хүлээж авсныг Орос, Төв ба Дорнод Европын асуудлыг судалдаг Bloomberg Economics-ийн шинжээч А.Исаков онцлон тэмдэглэв. Түүний таамаглаж байгаагаар, олборлолтонд квот тогтоосон ч гэсэн нэг баррель нефтийн үнэ 100 доллароос давахгүй ажээ.  

Харин шинжээч С.Суверовын дүгнэснээр, ОПЕК+ үнийг өсгөх гэж оролдож байгаа бөгөөд квот тогтоосноор үнийн уналт зогсож, цаашдаа өсөх төлөвтэй байна.  

Энэ оны хавар АНУ-ын эрх баригчид Венесуэль, Иран болон бусад улстай хэлэлцээ хийж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг ятгасан байна. Энэ нь Оросын нефтэнд тогтоосон хоригийн үр нөлөөг дээшлүүлж магадгүй гэж шинжээч М.Салихов хэллээ.

Яг одоо бол Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох вэ гэдгээс зах зээлд гарлах өөрчлөлтүүд шалтгаалахаар байна.

Оросууд нефтиэ Европоос өөр зах зээлүүд дээр борлуулж эхэлбэл дэлхийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх нь гарцаагүй

“Энэ бол маш том асуудал. Ирэх 2023 он Оросын хувьд ч, ЕХ-ны хувьд ч нэлээд хүнд жил байх болно.  Учир нь, газарзүйн хувьд ойрхон гэдгээрээ ЕХ бол Оросын нефтийн гол зах зээл байсан” болохыг Салихов дурдлаа.

ОПЕК+-ийн шийдвэр Орост хэрхэн нөлөөлөх вэ?

Шийдвэр гарахаас өмнө ч гэсэн Орос улс квотоос бага хэмжээний буюу хоногт 11 сая баррель нефть олборлож байсан бол шинэ квотын дагуу 10,5 сая баррель олборлох ёстой болж байна. Тэгсэн ч  гэлээ энэ бол бодит олборлолтоос доогуур тоо юм. 

Ер нь бол, Орос улс ОПЕК+-ийн шийдвэрээс төдийгүй хоригоос шалтгаалан олборлолт болон экспортоо бууруулна гэдэг нь үндсэндээ тодорхой болж байна. Мэдээж хэрэг, Орос улс экспортынхоо багагүй хэсгийг Ази руу чиглүүлэх гэж оролдоно, гэсэн хэдий ч энэ оны эцэс ба ирэх оны эхэн үед экспортын бууралтыг зогсоож чадахгүй гэж Суверов үзэж байна.

Ташрамд дурдахад, нефтийн үнэ 90 орчим долларт хэлбэлзэж буй үед олборлолтоо хоногт 0,5 сая баррелиар танана гэдэг бол Оросын төсөвт орох мөнгөний хэмжээ жилийн дүнгээр 700 орчим тэрбум рублиэр багасна гэсэн үг. Гэхдээ яг одоогоор Оросын тал ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй л болов уу гэж шинжээч М.Салихов таамаглажээ.

“Хэрвээ тодорхой улс орнууд үнийн хязгаарлалт тогтоох аваас тэдгээр улсад нефтиэ нийлүүлэхгүй гэсэн байр суурийг Оросын тал баримталж байна. Экспортын хэмжээ буурч магадгүй, гэхдээ дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурснаар үнэ нэмэгдэх учраас эцсийн эцэст онцын ялгаа гарахгүй, үнийн өсөлтөөс үүдэн Оросод орж ирэх валютын хэмжээ өмнөх хэмжээндээ л байна, эсвэл түүнээс давж ч магадгүй” гэж шинжээч Салихов дүгнэн хэллээ.  

Эх сурвалж: Монцамэ.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.