Хотын ногоон бүсээс 20 тонн самар бэлтгүүлж хадгалсан үйлдлийг илрүүллээ
Иргэдээс их хэмжээний самар худалдан авч хадгалан хятадуудад борлуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Б гэх 46 настай эр өнгөрсөн сарын 20-доос хойш нийслэлийн ногоон бүсийн Гачуурт, Улиастай, Хандгайт зэрэг газар руу хүмүүсийг гаргаж, их хэмжээний самар бэлтгүүлж байжээ. Улмаар Баянзүрх дүүргийн нутаг дахь хоёр ч агуулахад 20-30 тн самар бэлтгүүлэн хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлсэн аж. Хууль сахиулагчид шалгалтаа нарийвчлан явуулахад нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдан дээрх агуулахууд руу оруулж ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Б.Б-тай хамт Т.Т гэх 40 настай эрийг шалгаж буй бөгөөд тэд хотын ногоон бүсэд хуш модонд хайр гамгүй хандан самар түүж байгаа иргэдээс нэг кг-ыг 6000-7000 төгрөгөөр авч, хятадуудад 14 000-17 000-аар борлуулахаар тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Уг нь байгаль орчинд иргэд маш ихээр сөрөг нөлөө үзүүлж буй учраас хуш модны самрыг түүж, бэлтгэхийг хориглох санал УИХ-ын зарим гишүүн гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт хүргүүлсэн ч Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа билээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.