? Ж.Сүхбаатар: Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой
“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалт өнөөдөр /2022.09.13/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхий сайдад түгжрэлийн асуудлыг танилцуулахаар бэлдсэн. Түгжрэл маш том цогц асуудал. Хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал юм. Түгжрэлд ойрын болон дунд, урт хугацаандаа, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт харьцаа гэж үзвэл улс орны макро эдийн засгийн бодлогод бүх салбар татагдан орно.
Улаанбаатар хотын түгжрэл хот хөдөөгийн тэнцвэрт харьцаанаас хамаарч дөрвөн чиглэлд задарна.
- Хот төлөвлөлт
- Авто замын сүлжээ
- Зорчилт хөдөлгөөн
- Нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд байна. Дотроо олон хэсэгт задарна.
Ажлууд дараагийн гурван жилд үргэлжилнэ. Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг энэ оноос бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа ч бүрэн зарцуулаагүй, дараа жилүүдэд үргэлжилнэ гэсэн үг. Энэ мөнгө сургууль, цэцэрлэг рүү орсон. Тухайлбал Б.Жавхлан, Д.Сумъяабазар дарга, Л.Энх-Амгалан сайд нар ажиллаж байгаад хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгосон. Үүний үр дүнд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү машинаар хүргэдэг тоо 20-30 хувиар буурсан байна.
Хүн 14 хоногт өөрийнхөө орон зайн 40-өөс илүү хувийг төрд мэдүүлэх ёсгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 14 хоногийн гурав, дөрөв хоногт зохицуулалт хийх эрхтэй байх ёстой болохоос биш дийлэнхэд нь төр оролцож болохгүй гэсэн хүний эрхийн зарчмыг баримталж байгаа.
Маргааш /2022.09.14/ газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах Үндэсний хороогоо шинэчлэн байгуулна, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад гарч ирээд нийтэд мэдээлнэ.
Хамгийн гол нь түгжрэлийг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг чухал. Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой. Орчин үеийн хотууд асуудлыг ингэж шийдэж байгаа. Үүнийг дэмжээрэй гэж хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.