Х.Булгантуяа МОХС-ийн шинэ захирлын талаар байр сууриа илэрхийлэв үү

МОХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан өчигдөр гаргасан.

Тэгвэл тус сургуулийн дараагийн захирал хэн байх вэ гэх асуудал олны анхаарлын төвд байна. Хэвлэлээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон талаарх мэдээлэл гарч эхэллээ. Тэрбээр тус сургуулийн төгсөгч бөгөөд 2018 оноос хойш МОХС-д цагийн багшаар ажилладаг аж. 

Гэвч энэ мэдээллийг тэрбээр үгүйсгэлээ. “Одоогоор томилгооны талаар надад мэдсэн зүйл байхгүй байна. Албан ёсоор ярилцаагүй” гэсэн хариултыг зарим сэтгүүлчид өгчээ. 

Улсын сургуультай холбоотой сүүлийн өдрүүдийн гол дуулиан МОХС-ийг тойрон үргэлжилж байх үед УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

Тэрбээр, "Улсын зарим сургуулийн захирлууд би ажлаа өгөхгүй, өгвөл тэр хүнд л өгнө, өгсөн ч миний хүмүүсийг халж солихгүй гэж шаардлага тавьдаг, дараагийн захирлаа ажлыг нь хийлгэхгүй зовоодог байдлаа болимоор юм. Төсвийн хөрөнгөөр барьсан сургуульд та төсвөөс цалин авч байсан гэдгээ санамаар юм. Өөрийн барьсан хувийн сургуульдаа шаардлагаа тавиад дараагийн хүнээ томилоод явах нээлттэй" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.