Нийтийн тээврийн сүлжээнд давхцал их байгаа тул хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргана
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулинд Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана гэж заасан.
Энэ дагуу Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болсон. Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртай.
Дэлхий нийтийн хэмжээнд хотын иргэний хэрэгцээт зүйлсийн эн тэргүүнд
1. Орон байр
2. Ажиллах сайн нөхцөл
3. Хоол хүнс
4. Сайхан орчин
5. Боловсрол
6. Эрүүл мэнд жагссан байдаг. Эдгээр хэрэгцээт зүйлсийг олж авах радиус бага байлгах нь иргэнийхээ амьдралын чанарыг сайжруулах зорилт байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгээ хангахын тулд хотын нэг захаас нөгөө рүү зорин зорчдог бус 15 минутад багтаагаад хэрэгцээт зүйлсээ олчихдог байхаар хотоо төлөвлөх нь иргэн төвтэй, хүртээмжтэй хотын хамгийн чухал зорилт гэдгийг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид танилцуулж байна.

Тус төв нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны чиглэлийг нарийвчлан судалж үзжээ. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 34 чиглэлийн 323 автобус өдөр тутам зорчиж, 851 автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрдөг байна. Тэдгээр автобуснууд хотын зүүн хязгаар Офицеруудын ордон, Ботаник, Улаанхуаран хүртэл зорчдог. Харин Баянзүрх дүүргийн нутагт 27 чиглэлийн 256 автобус нийт 960 автобусны зогсоолд иргэдийн буулгаж суулгадаг. Мөн хотын баруун зах Сонгинохайрхан дүүрэг хүртэл нийтэд үйлчилдэг. Энэ нь манай хотын хувьд нийтийн тээврийн сүлжээнд маш их давхцал байгааг илэрхийлж байна. Эдгээр давхцалаас хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргах нь тус судалгааны төвийнхний нэгэн зорилго байх юм. Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс “Нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн систем динамик загварчлал”-ыг боловсруулсан бөгөөд тус төвөөс гаргаж буй судалгаанд үндэслэн бодлого боловсруулна.
Мэргэжлийн өндөр түвшинд хийсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан бодлого шийдвэр оновчтой, хүртээмжтэй байх юм. Цаашид илүү олон асуудлыг шийдвэрлэх боломжтой.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.