Эмгэнэл /Ш.Дуламсүрэн/

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАРАВ овогтой ДУЛАМСҮРЭН

(1944-2022)

Бидний эрхэм хүндэт зөвлөх инженер Шарав овогтой ДУЛАМСҮРЭН нь хүнд өвчний улмаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр таалал төгсч Монголын барилгын салбарт болон бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Инженер Дуламсүрэн нь 1944 онд Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн. 1961 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1966 онд ЗХУ-ын Москва хотын Геодезийн инженерийн дээд сургуулийг инженер геодезист мэргэжлээр төгссөн.

1966-1997 онд Барилгын Зургийн Төв Инсистутийн ерөнхий төлөвлөгөөний товчоонд өндөржилт, улаан шугамын инженер, ахлах инженер, группын дарга, 1998-2010 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, Зураг төслийн хүрээлэнд инженер, 2010 оноос Барилгын зураг төслийн ББСМО ХХК-д ерөнхий төлөвлөгөө, өндөржилтийн зөвлөх инженерээр ажиллаж байлаа.

Тэрээр барилгын салбарт улс болон хувийн хэвшилд тасралтгүй 56 жил ажиллаж, барилгын болон барилгын зураг төслийнхөн дунд Өндөржилтийн “Дуяа” эгч гэж алдаршсан гавьяатай үйлстэн байлаа.

1990 оноос Монгол улсын хот, сум, суурин хорооллуудын ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулагдсан бүх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний өндөржилт, улаан шугамыг тооцоолж бодох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан мөн Нийслэл Улаанбаатар хотын 2020он, 2030он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг боловсруулах ажил, Чингис хаан нисэх онгоцны буудал, Засгийн газрын ордны өргөтгөл, Сүхбаатарын талбай тохижилт, Улаанбаатар хотын шинэ төв, Голомт хотхон, Шангрилла, Мобисом, Хөшгийн хөндийн нисэх буудал, Цонжинболдог цогцолбор, Морьт баатруудын 10000 хөшөө, Нарны зам, Бага тойруу Шар хад гэх мэт 30 гаруй авто замуудын өндөржилт улаан шугамын хэдэн мянган ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ улсын эксперт, шинэ залуу үеэ бие даан дагалдуулан сургах, заавар гарын авлага боловсруулан Монголын улсын барилгын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан билээ.

Түүний хийж бүтээсэнийг төр засгаас үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”, “Алтан гадас”, “Тэргүүний барилгачин”, Нийслэлийн “Хангарьд одон”, “Оюунлаг ээж” хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан.

Ховор нарийн мэргэжилтэй, баялаг туршлагатай, туйлын хичнээнгүй, хөдөлмөрч, нөхөрсөг, орчин үеийн сэтгэлгээтэй, эрхэм хүн маань хорвоогоос халин одсон нь барилга бүтээн байгуулалтын салбар, зураг төслийнхөн бидэнд томоохон гарз тохиолдсонд үнэхээр их харамсаж байна.

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 ББСМО ХХК-ИЙН ХАМТ ОЛНООС

2022.05.22

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.