Жо Байден: АНУ Тайванийг Хятадын халдлагаас хамгаална
Хэрэв БНХАУ Тайваньд халдвал АНУ цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцоно гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Ноён Байден Японд хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Токиод үг хэлэхдээ, ОХУ Украинд түрэмгийлсний дараа АНУ-ын Тайванийг хамгаалах үүрэг хариуцлага "бүр ч нэмэгдсэн" хэмээн тэмдэглэсэн байна. Хятад улс Тайванийн эсрэг хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлого нь "Бүс нутгийг бүхэлд нь бутаргаж, Украинд үүсээд буй нөхцөл байдалтай адил үйлдэл болно. АНУ "Нэг Хятад" бодлогыг баримталж байгаа ч энэ нь Хятад улс Тайваньд хүч хэрэглэх эрх мэдэлтэй гэсэн үг биш" гэж тэрээр хэлжээ.
"Нэг Хятад" бодлогын хүрээнд Хятад улс нэг Засгийн газартай гэх Бээжингийн байр суурийг АНУ хүлээн зөвшөөрдөг тул Тайваньтай дипломат харилцаагүй билээ. Гэсэн хэдий ч тус улс нь Тайваньтай албан бус харилцаа тогтоож, де факто Элчин сайдын яам байгуулсан бөгөөд цэргийн техник хэрэгслээр хангадаг юм.
Түүнчлэн, Вашигтоны эрх баригчид Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байгааг Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхий сайд Фумио Кишидад хандан хэлжээ. Япон улс нь цөмийн зэвсэгтэй Умард Солонгос болон улам хүчирхэгжиж буй Хятадын эсрэг аюулгүй байдлаа нэмэгдүүлэх үүднээс батлан хамгаалах салбартаа урьд өмнө байгаагүй төсвийг батлаад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.