ОХУ Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоожээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн өргөжилтийг эсэргүүцэн, Украинд түрэмгийлсэн ч одоо тус цэргийн эвсэл дахиад хоёр гишүүнтэй болох магадлалтай байна. Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр шийдвэрлэснээ албан ёсоор зарласан бөгөөд Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё Ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдож, энэ талаар урьдчилсан мэдэгджээ.
Финланд улс төвийг сахих статусаасаа татгалзах нь "алдаа" болно гэж анхааруулсан ноён Путин тус улсын аюулгүй байдалд ямар нэгэн аюул заналхийлэл байхгүй гэж онцолсон байна. Харин ноён Ниинистё "ОХУ Украинд түрэмгийлсэн явдал болон сүүлийн үеийн бусад алхам нь Финландын аюулгүй байдлын орчныг өөрчилсөн" гэж Оросын Ерөнхийлөгчид "шулуухан" хэлснээ дурджээ.

Владимир Путин Финландын энэ алхмын эсрэг тодорхой анхааруулга өгөөгүй ч ОХУ-ын Гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Тэгвэл тус улсын зүгээс Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан нь үүний эхний дохио болж байна.
ОХУ-ын эрчим хүчний ханган нийлүүлэгч "RAO Nordic" компани энэ талаарх албан ёсны мэдэгдэлдээ төлбөртэй холбоотой асуудлуудыг дурджээ. Оросын импорт үндэсний нийлүүлэлтийнх нь 10 орчим хувийг эзэлдэг Финланд улсад үүний улмаас ямар ч асуудал үүсээгүй бөгөөд өөр эх үүсвэрээр орлуулах боломжтой гэж албаныхан тэмдэглэсэн аж.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.