С.Амармандах: Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй
Иргэн Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахад бизнесээ дээрэмдүүлж, эд хөрөнгөө алдсан талаар дөрөв хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл өгч байв. Тухайн үүссэн асуудлаар “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахаас хэвлэлүүд тодруулжээ.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах:
-Би өөрөө гайхаж байна. Би урлагийн хүн, Их Монгол Улсын иргэн. 30 гаруй жил рок поп урсгалаар дуулаад, хуурдаад явж байна. Гэнэтхэн сошиалаар хүнийг дээрэмдсэн, хулгайлсан гэх асуудал шуугиан тарьсанд гайхаж байна. Спортынхон олон улсад төрийн далбаагаа мандуулдаг бол урлагийн бид Европ, Азид ардын язгуур бүжгээ үзүүлж ирсэн. Надад мафи байхгүй. Урлагийнхан бид мэнд устай явдаг, сайхан ахан дүүс. Э.Энхзоригтой эвдрэлцэж, муудалцсан зүйлгүй.
“Gem palace”-д Америкийн иргэншилтэй, Солонгос улсын Чарлес гэх хүний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тэгээд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул захиргаанд нь түрээсээ зогсооё гэх өргөдлийг “Gem pаlace”-д өргөдөл өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу үйл ажиллагааг нь цуцлаад, 2-3 сарын дараа надад санал тавьсан. Би тэр саналыг нь хүлээж аваад, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар нээсэн.
Гол нь “GEM palace” надад санал тавьсан, үүний өмнө буюу 2 сарын өмнө “Sky lounge” үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Түүний дараа бид тэнд орж, “Sky lux palace”-аас сандал, ширээг нь худалдан авах гэрээ байгуулаад авсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 1-ний өдөр байхгүй хойгуур аваад явчихсан байсан. Тэгэхээр нь бид очиж авсан.
Энэ асуудлаар уулзахаар санал тавьсан ч уулзаагүй. Таван сарын дараа гэнэт гарч ирж, ийм асуудал үүсгэсэнд гайхаж байна.
Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй, муудалцаагүй. Над руу нэг ч удаа залгаагүй. Тэгсэн атлаа ийм юм ярьж яваад нь гайхаж байна. Хууль, хяналтын байгууллагад би одоогоор хандаагүй байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.