Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн схемтэй тэмцэж чадвал Монгол улсын ДНБ хоёр дахин тэлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Засгийн газар, тэр дундаа та өөрөө Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гаргасан шийдвэр дээрээ бат зогсч чадах уу?

–Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр дахин хэлэхэд би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй ямар нэгэн хувийн өс хонзон байхгүй. Энэ зах зээлийн голдирлыг өөрчилж, төр хувийн эзэмшлийн өмчийг булааж авах гээд байгаа юм биш. Энэ бол луйвар. Аль ч эрхзүй хөгжсөн улсад ийм байдал үүсвэл ямар ч төр арга хэмжээ авна.

Хэсэг бүлэг хүмүүс төрийн дээр, хуулийн дээр байж болохгүй. Хөгжлийн банкны хар жагсаалтад буй зээлийн 50 орчим хувь Эрдэнэбилэг гэдэг хүний холбоо хамааралтай компаниуд. Яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ? Өөрөө банктай хүн шүү дээ. Багануур, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудал хууль бусаар явсан. Одоо тэр төмрийн хүдэрийг л олборлож мөнгө олж байснаас ямар ч төсөл хэрэгжүүлээгүй... “Кью Эс Си” олборлож хууль бусаар мөнгө олж байсан. Хөтөл бас тийм. Цаасан дээр компани байгуулаад ашигтай хэсгийг нь авч яваа л зүйл. Энэ бол цаасан дээрх санхүүгийн схем. Цаашид ийм зүйл байж болохгүй.

Нэг асуудал бий. 430 орчим сая ам.доллар шилжээд Эрдэнэт үйлдвэрийн асуудал шийдэгдсэн. Харин энэ мөнгө хэрхэн задрах вэ, хэн хэн оролцсон бэ гэдгийг шүүх шийдэх ёстой. Засгийн газар энэ асуудлыг шахаж чадна. Шаардлагатай бичиг баримтыг бид гаргаж өгнө. Бид гэм бурууг тогтоож чадахгүй. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Хөгжлийн банктай холбоотой асуудлыг зүгээр нэг гаргаж ирсэн зүйл биш. Энэ чигээрээ явбал 12 дугаар сард Засгийн газар төлөх байсан.  Өөрөөр хэлбэл Засгийн газар, татвар төлөгчид өрийг нь төлөх байсан. Хөгжлийн банк, 49 хувь тусдаа асуудал биш нэг л асуудал. Дарханы төмөрлөг, Хөтөл бол нэг л асуудал. Дэлгэрэнгүй мэдээллийг тэр бүр өгөхгүй байгаа учраас хүмүүс буруу зөрүү тайлбарлаад байна. Засгийн газарт итгэлтэй байж болно. Энэ бүгд шүүх дээр эцэслэгдэн шийдэгдэх ёстой.

Нэмж хэлэхэд Тавантолгойтой холбоотой асуудал бий. Геополитикийн асуудал нөлөөлөөд фокус алдагдуулаад байна. Тээвэрлэлт дээр нь асар том асуудал гарч ирнэ. Энэ асуудлууд шийдэгдвэл Монгол улсын ДНБ шууд хоёр дахин тэлнэ. Би дөрвөн жил тэмцэж байна. Ахиц гарч байна гэж ойлгож байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.