Нийтийн тээврийн үнийг 2000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр яригдаж байна
Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт жинхэнэ утгаараа хөрсөн дээр бууж эхэлжээ. Орос-Украины хямралаас үүдэлтэйгээр он гарснаас хойш манай улсад шатахууны үнэ хэд хэдэн удаагийн давтамжтайгаар 100-200 төгрөгөөр нэмэгдсэн.
Энэхүү үнийн өсөлтийг дагаад өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авахуулаад таксины үнэ хүртэл 1500-2000 төгрөгт хүрээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээний тухайд автобусны үнэ тарифыг өнгөрсөн хугацаанд төрөөс зохицуулж ирсэн. Энэ нь иргэдийн нуруун дээр үнийн өсөлтөөс үүдсэн ачаалал өгөхгүй байх төрийн бодлоготой холбоотой. Гэвч нийтийн тээврийн салбар өөрөө хувийн хэвшил. Дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт өсөж буй шатахууны /дизель түлшний үнэ 3131 төгрөг хүрсэн/ үнийг дагаад нийтийн тээврийн үнийг нэмэхгүй бол цэвэр алдагдал руу орох тухай тэд төр засагт сануулсаар байгаа аж.
Тэр ч байтугай "Дизель түлш 3000 төгрөг давчихсан энэ үед нийтийн тээврийн хөгжлийг ярих нь битгий хэл өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад хүнд байна" хэмээн автобус компанийхан ил тод ярьж эхэлжээ.
Иймд автобусны үнийг нэмэх талаар холбогдох газрууд шат шатандаа яриад эхэлсэн байна. Тодруулбал, 500 төгрөг байгаа автобусны үнэ 2000 төгрөг болж нэмэгдэж магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.