? С.Амарсайхан: Ипотекийн зээлийг 4,6 хувиар авч болох байтал МИК схем зохиож 6 хувь болгосон байна

Шадар сайд С.Амарсайхан “Монголын ипотекийн корпораци” байрны төлбөрөө төлж байгаа иргэдийн зээлийн 2-3 хувийг луйвардаж авч байна" хэмээн мэдэгдсэн билээ. 

Тэрбээр өнөөдөр уг асуудлыг дэлгэрүүлж мэдээлэл хийлээ. Тэрбээр, "2013 оноос Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран ипотекийн зээлийг гаргаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 5,2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Ипотекийн зээлийн хүү 8 хувь байхад Монголбанк 4 хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудад өгдөг. Цаашлаад банкууд "Монголын ипотекийн корпораци” /МИК/-аар дамжуулж санхүүжилт хийдэг. Үндсэндээ 2,9-3 хувийн хүүгийн нэмэгдэл авдаг байжээ. 5 хувийн хүүтэй ипотекийн зээл 8 хувь болж иргэдэд очдог байсан байна.

Одоо 6 хувь болсон ч 1,6 орчим хувийг нь шимтгэл маягаар МИК авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1 хувиар гардаг. Арилжааны банкууд 6 хувь болгож зээлээ гаргахдаа МИК руу шилжүүлж, буцаагаад МИК зээлийн санхүүжилтийн төлбөрийн асуудлыг хариуцаж явдаг бүтэцтэй байжээ.

МИК-д төрийн мэдлийн хувьд байдаггүй. Дийлэнх хувь нь /50-аас дээш хувь/ банкуудын мэдэлд байдаг. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд гэх мэт хамтарч энэ байгууллагыг удирддаг.

Цаашдаа төрийн өмчийн компаниуд буюу Монголбанк, СЗХ МИК-ийн дүрэм журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. 100 хувь хувийн ААН-үүд зах зээлийн зарчмаар бонд босгоод /санхүүжилтээ өөрсдөө босгох/ явбал өөр асуудал. 1-2 хувийн зөрүү гэх мэтийг зөвшөөрч болох. Гэтэл эх үүсвэр нь Монголбанкнаас /төрөөс/ гарч байхад иргэдээс шаардлагагүй мөнгө аваад байгаа нь өөрөө том асуудал. 

МИК-ийг шууд татан буулгах юм уу хаах, төр мэдэлдээ авах асуудал яриагүй байна. Бүтцээ эргэж хар, зохион байгуулалтаа өөрчил, хяналт тавьж буй СЗХ-оо ажлаа сайжруул, зээлийн хүүгээ бууруул гэдэг асуудлыг тавьж байна" гэв. 

Засгийн газар дээрх саналыг тавьж буй бөгөөд МИК бүтэц зохион байгуулалтаа өөрчлөхгүй бол шаардлагаа тавьсаар байх болно гэж нэмж хэлэв. Өөрөөр хэлбэл МИК буюу хэн байх нь гол биш Монголбанкнаас гарч буй зээлийн эх үүсвэрийн шат дамжлагыг багасгаж, зээлийн хүүг бууруул, илүү зардлаа багасга л гэх шаадлагыг тавьж буй аж.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.