Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч 10 эмэгтэйд тус бүрд нь 2500$ тэтгэлэг олгов
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих хөтөлбөр сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” хөтөлбөрийг Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн эхний шатанд Сэлэнгэ аймгийн 28 эмэгтэй хувь хүний хөгжил, санхүү, хууль эрх зүйн мэдлэг олгох, бизнесийн төлөвлөгөө боловсруулах чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж, олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнес эрхлэх төслийг боловсруулсан.
Хөтөлбөрийн 2 дахь шатанд сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 24 эмэгтэй өөрсдийн санаачилсан бичил төслийн саналыг боловсруулан ирүүлж, 22 нь төслөө өөрийн биеэр сонгон шалгаруулах ажлын хэсэгт амжилттай танилцуулсан байна. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан 10 эмэгтэйд бичил төсөл хэрэгжүүлэх батламжийг өнөөдөр гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн Удирдах хорооны дарга Э.Энхтуяа, Төслийн орон нутгийн дэд зохицуулагч П.Соёлмаа болон албаны бусад хүмүүс оролцов.
Төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан 10 эмэгтэйн төслийн хамрах хүрээ, ирүүлсэн саналыг үндэслэн тус бүр 2500 ам.доллар хүртэлх тэтгэлгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд төслийг цаашид бие даан амжилттай хэрэгжүүлэх, өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор дараагийн шатны санхүү, маркетинг, гарааны бизнес эрхлэх чадавх бэхжүүлэх сургалтыг мөн зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.