Жо Байден: "Путин бол дайны гэмт хэрэгтэн"
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ. Түүний энэхүү мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст хандан үг хэлж, илүү их тусламж хүссэн юм.
Өмнө нь Цагаан ордны зүгээс Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж үзэх эсэх талаар тодорхой хариулт өгч байгаагүй бөгөөд "Бид Украинд болж буй үйл явдлын нотлох баримтыг үнэлж, дүгнэх дотоод үйл явцыг эхлүүлсэн" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тэмдэглээд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Байдены энэ удаагийн мэдэгдэл нь АНУ-ын албан ёсны байр суурьт өөрчлөлт орсныг харуулж байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Жо Байдены хэлсэн үгийг "хүлээн зөвшөөрөх боломжгүй, уучилж болшгүй үг хэллэг" хэмээн буруушаажээ.
Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Конгрессийг тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалсны дараа тус улсын зүгээс Украинд аюулгүй байдлын чиглэлээр 800 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх болсноо зарласан юм. Үүний хүрээнд, 800 агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, 9,000 танк эсэргүүцэх систем, 20 сая сум болон дронууд илгээх аж.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.