Ж.Галбадрах: Хувийн сургуулиудаас татвар авч, хувьсах зардлыг хасаж байгаа нь төлбөр нэмэгдэх хамгийн том үндэслэл
Манай улсад хувийн 168 сургуульд 46,783 хүүхэд суралцдаг. Нийслэл хотод арван саяас дээш төлбөртэй ердөө 8 сургууль байдаг бол 5-12 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургууль байгаа юм байна.
Арван саяас дээш төлбөртэй сургуульд нэг хүүхдэд хувьсах зардал гэж улсаас 86-137 мянган төгрөгийг жилд өгдөг юм байна. 5-10 сая төгрөгийн төлбөртэйд нь 173 мянгаас 275 мянгыг харин 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургуулийн сурагчдад 288 мянгаас 459,000 төгрөг.
Гэтэл хувийн сургуулиуд ирэх оны сургалтын төлбөрөө эхнээс нь нэмээд эхэлжээ. Тухайлбал, Жет олон улсын сургууль сургалтын төлбөрөө 8 саяас 13 сая төгрөг болгожээ.
Тэгвэл улсын төсвөөс өгдөг хувьсах зардал юунд зарцуулагдаг, ямар учраас хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж буй талаар “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрахаас тодрууллаа.
Ж.Галбадрах: Үндсэн хуулийн 16.7 зааснаар хүн болгох сурах эрхтэй. Бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй авна хэмээн заасан байдаг. Хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа хэрэг бус харин Үндсэн хуульд заасан хүн бүрийн боловсролыг олж авах эрхтэй холбогдох асуудал юм шүү дээ.
Хувьсах зардлыг дотор нь суурь хувьсах зардал гэж ангилдаг. Суурь хувьсах зардал нь багшийн цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг.
Өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-аас хувийн сургуулиудаас санал авч хувьсах зардалд өөрчлөлт оруулахаар болсон.
Хувийн сургуулийн сургалтын төлбөр:
- 1 сая хүртэл төлбөртэй бол хувьсах зардлыг 100 хувь олгоно. /Одоо бараг ийм төлбөртэй сургууль байхгүй/
- 1-5 сая хүртэлх төлбөртэй бол 60 хувиар олгоно
- 5-10 сая хүртэлх төлбөртэй бол 50 хувиар олгоно
- 10 саяас дээш төлбөртэй бол хувьсах зардал олгохгүй гэж заасан.
Уг хувьсах зардлыг цалиндаа зарцуулдаг. Тэр нь цалиндаа бүрэн хүрдэггүй. Цаашлаад, хувийн сургуульд багшилдаг багш нарыг ялгаж байна. Хувийн сургуульд ажилладаг багш нарын тэтгэмж, урамшуулал байхгүй болж байгаа.
Тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай дүйхүйц тэтгэмж олгодог. Үүнийг хувийн сургуульд багшилж байгаа багшид олгохгүй болж байх шиг байна. Тэр байтугай хувийн сургуульд сурсан хүүхэд ЭЕШ-даа 800 оноо авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн тэтгэмжид хамрагдах боломжгүй болж байна.
Өнөөгийн эдийн засгийн өсөлт зэргээс хамаарч хувийн сургуулиуд ер нь бүгдээрээ сургалтын төлбөрөө нэмж байна. Нөгөө талаас төлбөр нэмэгдэхэд нөлөөлж байгаа зүйл бол Боловсролын тухай хууль.
Уг хуульд хувийн сургуулиуд ашгийн төлөө ажилладаг тул татвар авна гэж зааж байна. Аль ч улс оронд боловсролын салбарын сургалтын төлбөрийг татвараас чөлөөлдөг. Тэр байтугай компаниуд сургуульд хандив өгвөл тэр мөнгийг нь хүртэл татвараас чөлөөлдөг.
Гэтэл манай улсад хувийн сургуулиудаас татвар авна, хувьсах зардлыг нь чинь танана гэж ярьж байгаа нь төлбөр нэмэгдэх хамгийн том суурь үндэс болоод байна.
Улсын сургуулиудын нэг хүүхдэд олгодог хувьсах зардлыг хүүхдийнхээ тоонд хуваахаар нэг хүүхдэд 1.8 сая төгрөг. Улс нэг хүүхдийг бүтэн жилийн турш сургах зардалд 1.8 сая төгрөг зарцуулдаг. Харин хувийн сургуулиуд хувьсах зардал гэж 400 мянган төгрөг аваад байгаа. 400 мянган төгрөг авчихаад чанартай сургалт үзүүлж байна.
Хувийн сургуульд сурч буй нийт хүүхдийн 10 хувь буюу 5,000 орчим хүүхэд улсын сургууль руу шилжихэд л улсын төсөв 10 гаран тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Улсын сургуульд нэг ангид 40-50-иараа сурдаг байсан нь 50-60 болж нэмэгдэнэ. Ердөө ийм зураглал харагдаж байна.
Хувьсах зардал хасах, татвар авч эхлэхэд хувийн сургуулиуд эхнээсээ хаалгаа барьж, улсын сургуулийн ачаалал нэмэгдэнэ.
Боловсролын тэгш хүртээмжийн асуудал буюу дэд бүтцийн асуудал, улсын сургуулиудын чанарыг дээшлүүлэх асуудал бидэнд байгаа болохоос боломжийн амжилтад хүрсэн хувийн сургуулиудыг адлах, зах зээлийн эрэлтээрээ өсөж хөгжих боломжийг хаах гэж оролдох нь эргээд боловсролын салбартаа маш том хөнөөлтэй.
Түүнчлэн багш нарын цалинг шатлалаар биш үр дүнгээр цалинг нэмэгдүүлнэ, олгоно гэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Мөнгө гэхээсээ илүү суурь цалинг нэмэгдүүлэн урамшууллын аргаар цалин хөлс олгох ёстой. Цаашлаад ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.