?LIVE: Чингэлгийг халж, задгай тээврээ явуулж өгөхийг Засгийн газраас тээвэрчид хүслээ
Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын талаас нэгдүгээр сараас эхлэн задгай тээврийн оронд чингэлэг тээвэр явуулах боломжтой гэж манай улсын Засгийн газарт мэдэгдсэн. Энэ дагуу Замын-Үүд боомтоор ачаа бараагаа оруулж ирэхийн тулд хятадын талтай тохиролцон чингэлэг тээврийг явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 60-70 чингэлэг оруулж ирж байна.
Гэвч энэ нь задгай тээвэр хийдэг хэдэн мянган жолооч нэгдүгээр сараас хойш ажил, орлогогүй нөхцөл байдалд хүргээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн хооронд задгай тээвэр хийдэг 7000 орчим тээвэрчин ажилгүй болоод байгаа тул хилээр задгай тээврээр ачаа бараагаа оруулахыг шаардан Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлэн Засгийн газарт шаардлага хүргүүлэв.
Тээвэрчид: Чингэлэг тээврийг хэсэг бүлэг хүмүүс оруулж ирж, ашигтай ажиллуулж байна. Үүний улмаас бараа бүтээгдэхүүн орж ирэлгүй удаж, үнийн хөөргөдөл болж байгаа. Задгай тээврээр ачаа бараа оруулж ирсэн тохиолдолд барааны каргоны үнэ буурч, бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буурах болно.
Чингэлэг тээврээ одоо болиод энэ олон мянган жолооч нарынхаа ахуй амьдралыг бодон төр засаг шийдвэр гарган задгай тээврийг явуулж эхлэх хэрэгтэй байна. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тээвэрлэлтээ хийх бүрэн боломжтой шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.