? LIVE: Иргэд: Гаалийнханд 20 тонн ачаа, бараагаа долоо хоногийн турш нэг бүрчлэн шалгуулж байна
Гаалийн ерөнхий газраас иргэдийн ачаа, барааг нэг бүрчлэн хянаж шалгаж дүрс бичлэг олон нийтэд ил болсон.
Уг асуудлаар Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Сошиал дээр гарсан зургаас харахад мэдээж мэдээлэлтэй, хориглосон, хязгаарласан бараа байх үндэслэлтэй байгаа нөхцөл дээр тэгж шалгалтыг хийнэ. Хар тамхи, буу сум ч юм уу хориглосон, хязгаарласан барааг нуун оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл дээр тийм шалгалтыг хийж байгаа" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл Хөшигтийн хөндийн Гаалийн хяналтын бүсэд ачаа бараагаа нэг бүрчлэн шалгуулж байгаа иргэдээс дараах тайлбар мэдээллийг өглөө.
Турк улсаас МИАТ-ийн онгоцоор энэ сарын 3-нд 20 тонн 472 хайрцаг ачаа бараа ирж, гаалийн бүрдүүлэлтээ бүрдүүлэн 49 сая төгрөгийн татвараа төлөн ачаа авах гэтэл гэнэт хяналт шалгалт хийхээр болсон хэмээн иргэдийн ачааг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн.
Ямар учраас хянаж шалгахаар болсон талаар тодруулахад "Хориотой бараа оруулж ирэхийг завдсан гэх мэдээлэл ирсэн" тул хяналт шалгалт хийж байна гэх тайлбарыг тэдэнд өгчээ.
Нэг кг ачаа барааг каргоны компаниуд 10-13 ам.доллараар үнэлэн Турк улсаас оруулж ирдэг байна. Энэ нь бараа зарж байгаа болон худалдан авагч нарт хохиролтой байдаг. Учир нь худалдан авсан бүтээгдэхүүнээсээ хоёр дахин үнийг төлж байж Туркээс захисан бараагаа авдаг ажээ.
Онлайнаар бараа зардаг иргэд каргоны компаниудаас ямар учраас нэг кг ачаа 13 ам.доллар байгааг лавлахад 36 тонн ачаа барааг 150 сая төгрөгөөр ачуулдаг. Үүнээс тээврийн зардал нь 80-90 сая, үлдсэн 50 сая төгрөгийг гаалийнханд хахууль өгч байж хурдан шуурхай гаргадаг гэх хариултыг хэлсэн.
Турк улсад онлайн бизнес хийдэг 120 гаруй иргэн нэгдэж, өөрсдөө ачаа бараагаа ачуулсанаар хямд тусна гэж үзэн 20 тонн ачааг МИАТ-ийн онгоцоор явуулжээ.
Тэд бүх зардлаа бодон 10 мянган гаруй иргэний захиалгын барааг нэг кг-ыг нь 7.8 ам.доллар байхаар бодсон байна. Гэвч ачаа бараагаа авах гэтэл хар тамхи, буу сум оруулахыг завдсан гэх нэрийдлээр 20 тонн 472 хайрцаг ачаа нэг бүрчлэн уутнаас нь гаргаж шалгаж байна. Энэ ачаа барааг анхлан Туркийн хилээр гарахад автомат төхөөрөмжөөр хянаж, шалгасан. Гэтэл манай гаалийн мэргэжилтнүүд нэг бүрчлэн гараар шалгаж байна. Энэ сарын 3-нд ирсэн ачаанаас өнөөдрийн байдлаар талыг нь ч шалгаагүй байдалтай байна. Гаалийн агуулахад 20 тонн ачаа долоо хоносон хэмээн 22 сая төгрөг, гаалийн мэдүүлгээ буруу өгсөн, зөрчил гаргасан хэмээн 40-50 сая төгрөгөөр торгуулах дээрээ тулаад байна. Энэ ачаанаас гаалийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хар тамхи, зөрчилтэй бараа гарахгүй нь ойлгомжтой тул дээрх өр төлбөрийг төлмөөргүй байна.
Иргэдийг хямд карго төлөөд бараагаа аваасай хэмээн бодож ажилласны төлөө 70 гаруй сая төгрөгийн торгууль, алданги төлөх болчихлоо. Урьд нь хэзээ ч Туркээс ирдэг байсан ачаа барааг ингэж шалгадаггүй байсан.
Бид нарын хувьд каргоны компаниудаар ачуулаагүй, гаальд хахууль мөнгийг нь төлөөгүй учраас хэдэн ачааг маань ингэж шалгаж байна гэж ойлголоо.
Зөв шударгаар амьдрах боломжийг ард иргэдэд олгохгүй байгаад харамсаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.