Баянзүрх дүүргийн ЗДТГ-т 2017-2019 онд ажиллаж байсан дөрвөн хүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ.
Улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга асан, тус дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг 273 ам метр талбай бүхий газрыг хууль бусаар авсан байдаг.
Уг газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан учраас эзэмшүүлэхээс татгалзсан байхад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нар М.Ширэндэвт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн аж. Улмаар М.Ширэндэв газар нь авсан газраа иргэн М.Баяржавхланд таван сая төгрөгөөр худалдаж, эрхээ шилжүүлсэн байдаг.
НПГ-аас Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба, ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол М.Ширэндэвийг мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нууж, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан хэмээн эл хуулийн 18.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.