Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөх уриалгад 13 мянган оюутан гарын үсгээ зуржээ
Шангри-Ла цогцолборын TOM N TOMS кофе шопод энэ сарын 1-ний өдөр 18 настай охины толгой дээр нэгэн бүсгүй халуун кофе асгасан хэрэг гарсан. МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа нь энэ хэргийг үйлдсэн бөгөөд тэрбээр бусадтай маргалдсаны улмаас ийм үйлдэл гаргасан гэжээ.
Энэ хэргийнхээ дараа тэрбээр үйлдсэн хэрэгтээ гэмшсэнгүй, мэдүүлэг авахаар очсон цагдаатай маргалдах, цахим хуудастаа дагагчийн тоо огцом нэмэгдсэнд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ дэлгэсэн зэрэг нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.
Тэрбээр хуульч аавтай төдийгүй өөрөө хуулийн чиглэлээр суралцаж байгаа атал ийм ёс зүйн доголдолтой байгаа нь тус сургуулийн нэр хүндийг унагаж байна гэж үзэж хэсэг оюутан МУИС-ийн захиргаанд ханджээ. Улмаар оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөхийг шаардсан аж.
Уг шаардлагад "МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1200 шахам багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 /хууль дээдлэх/, 1.5.5 /хариуцлагатай, ёс зүйтэй байх/ болон бусад ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Одоогийн байдлаар 13 мянга гаруй оюутан гарын үсгээ зураад байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.