? Засгийн газар: Мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Өнөөдрийн /2022.02.16/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвөөс зарцуулсан мөнгөнд аудит хийж, тайлагнах шийдвэрийг өгсөн.
Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болоод худалдааны газруудыг өмнө нь байснаар нь сэргээн байгуулах чиглэлийг өглөө.
Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох зэрэг ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ. Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
Гуравдугаарт, Бүх хүн амыг эрт илрүүлэг оношилгоонд хамруулах шийдвэрийг гаргалаа.
Дөрөвдүгээрт, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Каннын кино наадам, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д монгол уран бүтээлчдийг оролцуулах тодорхой дэмжлэг гаргахаар болсон.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн газрын даргын түр үүрэг гүйцэтгэгчээр Д.Батчулууныг томилжээ.
Тодруулбал, Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ. Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Гэсэн ч шүлхий өвчний тархалт өнгөрөгч 12-р сараас улам нэмэгдэж, Монгол Улсын 90 гаруй суманд өвчин дэгдээд буй юм. Үүнтэй холбогдуулан Б.Ганзоригийг чөлөөлсөн ч түүнийг Оросын иргэдтэй нийлж тендерийн хэрэгт холбогдон шалгагдаж буйтай холбоотойгоор чөлөөлсөн гэж үздэг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.