? LIVE: Гандантэгчэнлин хийд Шинийн 15-ны өдөр заслаа хийлгэх гэсэн иргэдийн хөлд дарагджээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд шинийн 15-ны энэ өдөр засал номоо хийлгэх гэсэн иргэдийн хөлд дарагджээ. Усан бар жилийн заслаа хийлгэх гэсэн иргэд касс болон бичээч лам нарын өмнө урт дараалал үүсгэсэн байна. Цар тахалтай байсантай холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд сүсэгтэн олны заслыг цахим байдлаар айлтгаж байсан бол энэ жил өөрийн биеэр ирж засал номоо хийлгүүлэх хүсэлтэй байгаа аж.

Жилийн заслын хувьд гэр бүлийн гишүүдийн тоо болон бусад зүйлсээс хамаарч харилцан адилгүй үнэ ханштай байна. Мөн мэнгэ нь голлосон, жил нь орж байгаа иргэд тусгай засал хийлгэх шаардлагатай байдаг байна. Тухайлбал, бар жилтэй иргэд заслаа хийлгэхдээ багадаа 100 мянган төгрөг зарцуулж байна.

Иргэд: Шинийн 15-нд хийлгэсэн буян, засал хэдэн түм живаагаараа үрждэг гэж бодоод заслаа хийлгэдэг. Бар жил сайхан жил болно гээд хүмүүс сэтгэгдэл өндөр, Гандан ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Гэр бүлээ төлөөлөөд ном уншуулж байна нийтдээ 200 гаруй мянган төгрөг болсон.

Иргэдийн сэтгэгдэл:

  • Гэр бүлээ төлөөлөөд заслаа хийлгээд явж байна. шинийн 15-наас өмнө заслаа хийлгэвэл мянга дахин үрждэг гэсэн олны жишгээ дагаад сүсэглээд явж байна. Цахимаар засал номоо бас хийлгэсэн.
  • Ам бүл 26 гишүүнтэй. Бичиж аваад үлдлээ, дараа нь унших юм шиг байна. Өмнөх шигээ байхаа больжээ. Би хөдөөний хүн болохоор сайн мэдэхгүй байна. Бар жилийн ном нийтдээ 250 гаруй мянган төгрөг болчихоод байна. Том засал хийлгэвэл бүр өндөр үнэтэй болох байх гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргалан:

-Бурхны шашинтай орнуудын хувьд хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд томоохон дүйчин өдрүүд тохиодог. Тийм учраас энэ үеэр буян сайн үйлдэх хэрэгтэй, мөн дээдийн ном сонсоод, хурал даган баясаад, горой мөргөл хийхийн сацуу засал номоо хийлгүүлдэг. Энэ манай улсад бараг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Манай төвийн айлтгалын номын тухайд ихэнх нь 500-1000 төгрөгийн хооронд байдаг. Гэхдээ их том тахилга, засал арай өндөр үнээр тооцогддог. Гандантэгчинлэн хийд шинийн 15-ныг дуустал халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хүн хоорондын зайг бариулахыг хичээн ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.