Өнөөдөр болох онцлох хоёр үйл явдал
Өнөөдөр болох хоёр онцлох үйл явдлыг та бүхэнд танилцуулъя.
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад улс руу татах байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлах ёслол өнөөдөр болно. Энэ нь "Сибирийн хүч-2"-ын үргэлжлэл "Союз Восток" хийн хоолойн төсөл юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов болон "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нартай энэ сарын 22-нд цахим уулзалт хийж, протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэхээр тохирсон юм.
Мөн, өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслол болж, анхны тэсэлгээг хийнэ. Энэхүү ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цан цохино.
Оны өмнө Монгол улсын Засгийн газар Оюутолгойн томоохон хувьцаа эзэмшигчидтэй тохирсноор гүний уурхайн бүтээн байгуулалт 2022 оны эхний улирлаас эхлэхээр болоод байгаа.
Энэхүү хоёр төсөл хэрэгжиж эхэлснээр зөвхөн хийн хоолойг нутгаараа дамжуулснаар жилд улсын төсөвт дунджаар нэг тэрбум ам.доллар орох тооцоо гараад буй. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол улсын эдийн засаг хэд дахин тэлэх урьдчилсан таамаг байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.