Л.Оюун-Эрдэнэ: БОАЖЯ-ны хуучин удирдлагууд бүгдээрээ нэгийнхээ үгэнд ордоггүй
2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон заалтаар /39.4/ “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.
Энэ дагуу Ерөнхий сайд бөгөөд Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы /2022.01.18/ нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Бат-Өлзийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, танилцууллаа.
Энэ үеэр гишүүд салбарын сайдад нэр дэвшигчээс болон Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авсан.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: БОАЖ-ын сайд солигдоод л утаа арилна гэж харж байгаа бол би Ерөнхий сайдыг буруу оношилсон байна гэж хэлнэ. Энэ бол Эрчим хүчний яамтай холбоотой асуудал. Мөн Тавантолгой түлш компани дээр ч хариуцлага тооцох ёстой. Сайжруулсан түлш хийж байгаа барьцалдуулагч зэрэг дээр Засгийн газраас тодорхой ажлын хэсэг гаргаж хяналт шалгалт хийх ёстой. Бодлого тодорхойлж, батлагдсан зардлыг төлөх тохиолдолд агаарын бохирдлоос болж ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл хэний ч хувьд утгагүй санагдана. Тиймээс энэ тал дээр цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар хариулт өгөхийг хүсч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: БОАЖЯ-ны хуучин удирдлагуудыг яагаад хамтад нь чөлөөлсөн бэ гэх асуудлаар тайлбар хийе. Сайддаа захирагддаггүй дэд сайд, дэд сайддаа захирагддаггүй ТНБД байгаа. Цаашлаад ТНБД-даа газар хэлтсийн дарга нар захирагддаггүй явдал байна. Тиймээс энэ шийдвэр жишиг болох ёстой.
Өмнө нь хэт халаа сэлгээ хийгээд дэмий гэж боддог байсан. Цаашдаа ажлаа хийгээд явж байгааг нь дэмжиж, чадахгүйг нь халж, сэлгэнэ. Сайдаа дэмжиж ажиллаж чадаагүй байж ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл утгагүй. Тиймээс хэн нэгэнд найдахгүй зөвхөн сайддаа захирагдаж ажилладаг жишгийг тогтооно. Энэ дээр парламент нэгдсэн байр суурьтай байж чадвал төрийн байгууллагын бүх шатанд хариуцлагын схем бүрэлдэнэ.
Анхан, дунд шатанд "Сайд ирж, буцаж л байдаг" гэдэг яриа хүртэл гарсан байна. Тиймээс сайн, муу ажилласан гэхээс илүүтэй шат шатны удирдлагууд холбоотой ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр БОАЖ-ын сайдыг чөлөөлөхөөр болсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.