БОАЖЯ-ны ТНБД Д.Ганболд: Н.Уртнасан сайдтай сүүлийн нэг жил ажиллахад төвөгтэй байлаа

Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурвыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн талаар бид мэдээлсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус яамны ТНБД Д.Ганболдоос дараах тодруулгыг авлаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Д.Ганболд: Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан талаар дөнгөж сая надад албан бусаар мэдэгдсэн. "Бичиг цаасаа бэлдэж байгаарай, ажил хүлээлцэнэ" гэж хэлсэн. Албан ёсны шийдвэр хараахан гар дээр ирээгүй байна. Ер нь бол нэгэнт шийдвэр гарсан тул ажлаа хүлээлцэхэд бэлдэж байна. Орчны бохирдлын асуудлаар хариуцлага тооцож байгаа гэж ойлгосон.

-Та 2020 онд У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед энэ албан тушаалд очсон. Танай яам хоёр жилийн хугацаанд хоёр ч сайд сольчихлоо. Н.Уртнасан сайдтай нар нийлж хамтран ажиллаж чадсан уу?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй л байсан. БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг.  Одоо хүртэл тамгаа өгдөггүй. 

Орчны бохирдлын асуудал яг үнэндээ ТНБД-ын хариуцсан ажил мөн үү гэвэл олон учир шалтгаантай. Тусдаа төсөвтэй, тусдаа хариуцсан байгууллагатай газар. Засгийн газрын хуралдаанаас улс төрийн хариуцлага тооцож шийдвэр гаргаж байгаа гэж ойлгосон. ТНБД бол тусдаа хуулиар явдаг. Надаар өргөдөл бичүүлж авах ёстой л доо. Гэвч хамаагүй ээ. Би ажлаа өгөхөд бэлэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.