? LIVE: С.Эрдэнэ: Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ талд үйлчилж байж болзошгүй
АН-аас Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оногдуулсантай холбоотойгоор хэвлэлийн хурал зарлалаа. Тус хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Д.Энхтуяа нар оролцлоо.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Шүүхийн албан ёсны тогтоол гараагүй байна. Энэ шүүхийн шийдвэрийг шударга гэхэд эргэлзэж байгаа. Энэ улсад шударга шүүх, шударга ёс байгаа гэж хэлэхэд хүнд байна. Манай нам улс оронд үүсээд байгаа асуудалд зөвшилцлийн байр суурьт байсаар ирсэн. Саяхан ХҮЭК-ийн комиссоос санаачилсан Хүний эрхийн чуулган болсон. Гэтэл энэ чуулганаар ярьсан асуудлууд ямар ч үр дүнд хүрээгүй. Өнөөдөр улс орныг дарангуйллын хэлбэрт оруулж коммунист аргаараа авна гэж байхгүй. Эрх чөлөө гэдэг бол туйлын үнэ цэнэтэй асуудал. Хууль шүүхийн тогтолцоо ялгавартай байдлаар нийгэм, иргэдэд үйлчилж байна. Тангараг өргөсөн албан хаагч, төрийн бүх шатандаа авлига хээл хахууль хэрээс хэтэрч байгаа. Цар тахлаар далимдуулан бүх шатанд дарангуйллыг тогтоож байна. Нөгөө ЖДҮ-гийн гэмт хэрэгтэн яг ямар хариуцлага хүлээсэн бэ? Өчнөөн тэрбум төгрөг авсан, бүр цаашлаад хүн амины хэрэгтэн хүртэл эрх мэдэлд суусан байгаа. Энэ бүх асуудлыг цаашдаа Ардчилсан нам хөндөж тавина.
Э.Бат-Үүлийн асуудалд нэг ч төгрөгийн хохирол тогтоогдоогүй. Зориудаар энэ асуудлыг хийсэн гэж харагдаж байна. Эрх баригчид тодорхой хүмүүсийг АН-д оруулж ирж хагалган бутаргаж байна. Бид эрх чөлөө, ардчиллынхаа төлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэнэ. Хаалттай шүүх хурал хийж олон түмнээс үнэнийг нуусан. Бүх зүйлийг нуугдмал, хаалттай, нууц байдлаар хандаж байгаа байдлаасаа салах ёстой. Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй. Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ талд үйлчилсэн ч байх магадлалтай
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хонгилын шүүгч нар байдаг юм байна. Улсын баатрыг ингэж шүүж байгаа нь улс төрийн захиалгатай гэж хардаж байна. Улс төрийн намуудыг муухай харагдуулах, Засгийн газрыг хүнд байдалд оруулах зорилготой. Монгол улс хараат бус шүүхийн байраар хамгийн сүүлд жагсаж байна. Нэн шинэ цагийн хэлмэгдүүлэлт дахиад эхэлж байна уу гэж харж байна. Бүх хүн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Манай ардчиллын бэлэг тэмдэг, баатрыг хэлмэгдүүлж байна гэж хардаж байна. Аливаа хүнийг хонгилоор оруулж болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.