Х.Болорчулуун: УЦС-ын өртөг 270 сая доллар байгаа нь нүүрсний үнээс гурав дахин өндөр байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар асуулга тавьсан. Тодруулбал,
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй, ил тод хэрхэн танилцуулах талаар
- Нөлөөллийн бүсэд хамрагдаж орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Монгол Улсын 3асгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон бусад байгууллагууд хэрхэн анхаарч байгаа талаар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: Төсөл хэрэгжих зургаан багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаас бусад багууд энэ төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна. Иймээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумдын Засаг даргатай хамтран ажиллаж саналыг дахин авна.
Усан цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2021 онд хийсэн. Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө гаргаж, түүнийг хариуцан хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах хэрэгтэй.
Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 9.5 тэрбум гэж тооцоолсон. Төслийн хэрэгжих газраас 10 мянга орчим га газар усанд автах тул үүссэн нуурын эко систем нь тухайн орчинд амьдарч байгаа айл өрхөд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тооцох, бэлчээрийн усан хангамж бусад зүйлийг тусгах, УСЦ-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая метр куб түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар, түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах талаар ажилласан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдахыг ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ 90 МВт-ын усан цахилгаан станцын өртөг 270 сая доллар байгаа нь нүүрсний үнээс гурав дахин өндөр байна. 19 жилд өртгөө нөхнө гэж байна. Энэ бол бизнес биш. 10 жил дотор өртгөө нөхөж байж үр ашигтай байх ёстой. Энэ тал дээр юу хэлэх вэ? 10 мянган га газрыг усанд автуулах юм байна. Үүнд ашигт малтмал, түүх соёлын дурсгалууд өртөнө. Баян-Өлгий аймагт гэхэд дунджаар 150 айлын асуудал яригдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.