Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох шийдвэр гаргажээ
Ховд голын Шижигтийн хавцалд БНХАУ-ын хөнгөлөлттэй 271,5 сая ам.доллараар баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ыг зогсоох шийдвэрийг Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ 2021 оны 11 сарын 8-нд гаргажээ.
Зогсоох үндэслэл нь “Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан тэжээл, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн аж амьдралд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан” шийдвэрлэсэн гэжээ.
Иймд УЦС-ыг барих ажлыг зогсоох, төслийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.


Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны №357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэсэн юм. Ингэснээрээ Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ нь Монгол улсын Засгийн газраас дээгүүр шийдвэр гаргасан болж таарч байна.
Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа. Үүндээ жил бүр улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа билээ. Тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж, 2008-2020 онд 8-10 хувь өссөн үзүүлэлттэй байгаа талаар албаныхан мөн мэдээлж байгаа.
Тус УЦС баригдсанаар баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ гэж байгаа ч орон нутгийн удирдлагууд ийнхүү шийдвэр гаргажээ.
Төслийн барилгын ажлыг зогсоосон орон нутгийн шийдвэрт төслийн нэгж, Монгол улсын Засгийн газраас ямар арга хэмжээ авч, шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.