"Богд Зонхова" төсөлд хөрөнгө зарцуулахгүй гэдгээ мэдэгджээ
Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй хэмээн мэдүүлж байсан, Тасганы овоонд баригдаж буй "Богд Зонхова" төсөлд ирэх жилийн улсын төсөвт 10 тэрбум, нийт 32.4 тэрбумаар бүтээн босгохоор төсөвлөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. "Ковидын үед улс орны эдийн засаг тааруу байхад хөшөө, дурсгалд хөрөнгө мөнгийг гар татахгүй байгаа нь буруу" гэж шүүмжилж байгаа юм.
Үүнтэй холбогдуулж, Соёлын сайд Ч.Номин мэдэгдэл гаргажээ. Тэрбээр,
-Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.
Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.