СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-11-11

Ж.Галбадрах: Хувийн хэвшлийн боловсролын чанарыг төлөөлж намайг шагналаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Төрийн тэргүүнээс цолоо гардан авсан гавьяатуудаас сэтгэгдэлийг нь сонсов.

Гавьяат багш цолоор шагнагдсан "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах: 

-Боловсролын шинэ хуулиа батлах гэж байна. Хуультай холбогдуулаад боловсролын салбараа шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Боловсролын хууль нь хоёр ч сайдыг дамжин өргөн хэлэлцүүлэг болсон. Энэ хууль тэр чигээрээ буюу Засгийн газраас өргөн барьсан хэлбэрээрээ батлагдвал сайхан болох байх. Мэдээж энэ хуулиар боловсролыг сонголттой болгож, чанарыг дээш өргөх талаар ахиц гарах байх.

Монгол Улс залуучууд, хүүхдийн орон. Би Боловсролын яам дээрх ажлын дэд хэсэгт нь ажиллаж байсан. Боловсролын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр хувийн хэвшлийн сургуулиудыг төлөөлж "Шинэ Монгол" сургуулийн багш, төгсөгчдийн гаргасан амжилтыг үнэлж энэ шагналыг өгсөн гэж ойлгож байна.

Монгол Улсын Ардын багш Н.Ням-Осор: 

-"Их Засаг" их сургуулийн хамт олон, гэр бүл, ээждээ, миний таньдаг, манай төгсөгч бүх хүнд өнөөдрийн баярын мэндийг дэвшүүлье. Би олон бүтээл туурвисан. Дээр нь сургуулийнхаа хажуугаар багшлах ажлаа хийсэн. Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан нэр хүндтэй зүйл алга байна.

Гавьяат багш Б.Жадамба /МУБИС-ийн багш/:

-Салбарын бүх багш нартаа 100 жилийн ойн мэнд хүргэе. Би боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж байна. Монгол улсад багш бэлтгэх тогтолцоо үүссэн түүхт жилүүд болон МУБИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ахмад багш нарын төлөөлөл болгож намайг шагналаа.

Гавьяат багш А.Должмаа: /Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш/

-Бага ангийн багш, технологийн багш, сургалтын менежер, сургуулийн захирлын албыг хашиж 40 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дарви сумын оюунлаг ард түмэн, үе үед хамт ажиллаж байсан хамт олныхоо буянаар энэ том цолыг авсандаа туйлын баяртай байна. Төр засаг, Дарви сумын ард түмэндээ талархалаа илэрхийлье. Монголын үрс маш олон болтугай гэж ээж хүний сүүн цагаан сэтгэл, багш хүний ариун цагаан сэтгэлээр ерөөж байна. 

Гавьяат багш Г.Цэгмид /Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш/:

-Биндэр сумын 7 жилийн сургуулиа төгсөөд бага ангийн багш болж байсан. Төр засаг, түмэн олныхоо буянаар багшийн курс сургууль, хамгийн сүүлд Багшийн их сургуулийг төгссөн. Түүнээс хойш сумынхаа дунд сургуульд багшаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Маш их талархаж баярлаж байна. Залуу багш нартаа хандаж хэлэхэд, сэтгэлээсээ хүүхдэд хандаж, хайрлаж явбал хэн хэнд нь амжилт ирнэ гэж захья даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.215

Галбадрах дүүдээ ажлын амжилт хүсэж баяр хүргэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.