Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга ирэх баасан гарагт тодорно
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэрбээр Засаг даргын ажлаа хүлээлгэн өгөхөө албан ёсоор өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн ч Засаг даргатай хавсран гүйцэтгэж буй Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөх талаар мэдэгдээгүй ажээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ц.Рэгзэдмаа, Ж.Сайнцог гэх хоёр орлогчтой бөгөөд одоогоор Ш.Оргилын ажлыг Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сайнцог түр орлон гүйцэтгэж байна.
Аймгийн шинэ Засаг даргаар хэн томилогдох бол гэсэн хүлээлт их бий. Түүний оронд очихоор тус аймгаас 2016-2020 оны хооронд УИХ-д сонгогдож байсан Н.Оюундарь, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү болон Сэлэнгэ аймгийн НАМЗХ-оос хоёр хүний нэр яригдаж байсан.
Тэгвэл ирэх баасан гарагт буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хуралдаан зарлагджээ. Тус хурлаар шинэ Засаг даргаар хэнийг сонгохоо хэлэлцэх бөгөөд хурлаас гарсан үр дүнг аймгийн ИТХ албан ёсоор Засгийн газарт өргөн мэдүүлэх аж.
Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжилна
Өнгөрсөн хугацаанд шинэ Засаг даргын төлөө горилж байсан хүмүүсийн зарим нь нэрээ татсан аж. Одоогоор хоёр хүний нэр дуулдаж буй.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж илүү өндөр магадлалтай. Учир нь Зүүнхараа хот буюу Мандал сум нь аймгийн дайны их хүн амтай. Тэр хэрээрээ шийдвэрлэх асуудал ихтэй, өргөн цар хүрээтэй мэдлэг, ур чадвар шаардсан ажил хийж байсан. Н.Лхагвадоржийн хувьд Зүүнхараа хотын захирагчаар хоёр дахиа улиран сонгогдоод буй.
Харин Ж.Отгонхүүгийн тухайд сүүлийн 20 шахам жил аймагтаа газар хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. 2020 оноос өмнө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан ч 2020 оны орон нутгийн сонгуульд төлөөлөгчөөр сонгогдоод ажлаа хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.