СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-01

LIVE: Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүний хэрэгтэй холбоотой асуудлыг парламентад танилцуулаагүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ЗГ-аас өргөн барьсан уг хуульд "Эдийн засгийн хөгжлийн яам", "Цахим хөгжил, харилцаа холбооны яам" байгуулья, Боловсролын сайдын харьяанд Боловсролын агентлаг, Байгаль орчны сайдын харьяанд Ойн агентлаг байгуулья, Худалдан авах ажиллагааны агентлагыг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдад өгье, Цөмийн энергитэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас салгаж Боловсролын сайдад чиг үүргийн хүрээнд өгье, Жендерийн асуудлыг мөн Ерөнхий сайдаас салгаж ХНХ-ын сайдад, Мэргэжлийн боловсролын асуудлыг ХНХЯ-ны чиг үүргээс гаргаж Боловсролын сайдад хариуцуулья гэсэн зохицуулалт тус тус бий. 

УИХ-ын ТББХ-оос надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Боловсруулсан саналыг хэлэлцэж дэмжлээ. "Эдийн засгийн хөгжлийн яам" байгуулахыг дэмжиж 5 чиг үүрэгтэй байхыг 11 болгож нэмэгдүүллээ.  "Цахим хөгжил, харилцаа холбооны яам" байгуулахыг дэмжсэн. 7 чиг үүрэгтэй байх санал орж ирснийг 9 болголоо. 

Агентлагуудын тухайд Боловсролын агентлаг, Ойн агентлаг байгуулахыг дэмжлээ. Харин Төрийн худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй, Шадар сайдын харьяанд хэвээр үлдээе гэсэн байр суурь дээр нэгдлээ.

Жендерийн асуудал өөрөө маш том асуудал учраас нэг сайдад хариуцуулах бус Ерөнхий сайдын харьяанд хэвээр үлдээхээр боллоо. Бусад Цөмийн энергийн газар, Мэргэжлийн боловсролын асуудлыг өөрчлөх саналуудыг тус тус дэмжлээ.

Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь "Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн бүсийн худалдаа эдийн засгийн хэлэлцээр". Манай улсын чөлөөт бүсийг /Замын-үүдийн чөлөөлт бүс/ хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг идэвхижүүлэх чухал хэлэлцээр учраас УИХ-аар хэлэлцэх үед нь дэмжье гэсэн байр суурь дээр нэгдлээ" гэлээ.

-Засгийн газрын бүтэц данхайхаар болж байна. "Цахим хөгжил, харилцаа холбооны яам"-ны дор МТХХГ гэх мэт агентлагууд багтах юм уу? Боловсон хүчин нь бэлэн байгаа юм уу?

- Үндсэн хуулиар Засгийн газрын бүтцээ бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Цахим бодлогыг Засгийн газар тэргүүлэх чиглэлээ болгосон тул яам байгуулах санал оруулсан. Эдийн засгийн хөгжлийн яамны тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд МУ-ын хөгжлийн бодлого тогтвортой, уламжлалтай байх ёстой гэж үзэж УИХ Хөгжлийн яам байгуулах ёстой гэж үзэж хуулийг нь гаргаж өгсөн. УИХ хоёр ч удаа шийдвэрийг нь гаргаж өгсөн.

Боловсролын яам өөрөө бодлогын яам учраас дэргэдээ хэрэгжүүлэгч агентлаг байгуулах хэрэгтэй байна гэх үүднээс санал оруулж ирсэн. УИХ-аар яг одоо хэлэлцэж байгаа хуулиудаар /Кибер аюулгүй байдал, Хуль хүний нууц хамгаалах хуулиад/ Цахим хөгжлийн яамны зарим тодорхой чиг үүргийг хуулиар зохицуулж өгөх шаардлага үүсч байгаа. 

- E-mongol академи 7,5 тэрбум төгрөгийн төсөвтэй төрийн өмчит газар байгуулах санал орж ирсэн байна. "Цахим хөгжил, харилцаа холбооны яам"-нд харьяалагдах уу? Дахиад ийм төрийн өмчит газар байгуулах ямар шаардлага байна вэ? 

- Бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярьсан. ЗГ-ын өргөн барьсан бүтцэд ийм асуудал байхгүй. УИХ хуулиар яам, агентлагыг тогтоож өгнө. Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах нь ЗГ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ дээр уг газрын төсвийн асуудлыг л ярьж байна. Төсвийн ажлын хэсэг дээр "E-mongol академи" төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын төсвийг дахин ярья гэсэн шийдэлтэй байна. 

- Хоёр шинэ яаман дээр шинэ сайдууд томилох уу, эсвэл нэг яамыг нь Шадар сайдын харьяанд байлгая гэсэн санал гарсан. Яаж шийдвэрлэхээл болсон бэ?

- Хоёр яамыг Шадар сайд давхар хариуцахгүй. Тусдаа байна. 

- УИХ-ын нэг гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаад эхэллээ. Бүлэг дээр энэ мэт асуудлаа дотооддоо ярилцсан уу? Ес зүйн алдаа гаргасан, гэмт хэрэг хийсэн гэх гишүүдийн асуудлыг ярьсан уу?

- УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцдэг. Хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа асуудлыг уг байнгын хороо хэлэлцэхгүй. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал орж ирээгүй. Иймд парламентээр хэлэлцэх боломжгүй. Бүлгээр гишүүдийн асуудал огт яриагүй. Эцэст нь хэлэхэд хууль зөрчсөн эсэхийг нь шүүх л тогтооно.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.